Д.Сумъяабазар: 15 мянга орчим ажилтан, алба хаагч ажиллаж, үерийн нөхцөл байдлыг тогтворжууллаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын МҮОНТ, Монгол HD,  PSN телевизэд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна.

-Та сайхан наадаж, сайхан зусаж байна уу. Наадмын нээлтийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ жил бороо хур элбэг зусаж байна. Монгол түмний их баяр наадмын нээлт ч хуртай эхэлж, уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дуу хуураар бялхсан сайхан боллоо. Улаанбаатар маань залуусын хот. Эх орны ирээдүйг бүтээх залуусын сонирхон сонсдог уран бүтээлч, дуучид ч оролцож байгаа нь сайхан санагдаж байна.

-Долоодугаар сарын эхээс бороо орж, нийслэлд ч хүндрэлтэй нөхцөл үүслээ. Энэ үеэр хэрхэн ажиллав?

-Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд үер уснаас үүдээд сорилт тулгарсан. Гэхдээ нийслэлчүүд нэгдэж, сэтгэл зүтгэл гарган ажиллаж, зорилго нэгтэйгээр энэ бүхнийг давсан. Бас цаашид юунд анхаарч, хэрхэн ажиллах талаар олон зүйлийг мэдрүүлсэн өдрүүд байв. Уур амьсгалын өөрчлөлт, үүнтэй холбоотойгоор тохиож буй байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн талаар Монголын эдийн засгийн чуулганы үеэр ч онцолж байна. Чуулганд оролцсон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд байгаль орчинд болон нийгэмд ээлтэй бизнесийг дэмжин санхүүжүүлснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж буй талаараа мөн хуваалцлаа.

Хот гэдэг хүмүүсийн нягтаршил суурьшил. Тэгэхээр ямар нэгэн онц үзэгдэл, гамшиг тохиолдвол бэлэн байдлыг хангаж ажиллах нь чухал. Энэ ч утгаараа үүссэн нөхцөл байдалд нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид, агентлагийн удирдлагууд, зэвсэгт хүчний анги нэгтгэл, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг олон хүн зохион байгуулалтад орж ажиллалаа. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудал болохоор богино хугацаанд шийдвэр гаргаж, яаралтай арга хэмжээ авах ёстой болсон. Энэ хүрээнд үерийн даланг хүчитгэх, хүмүүсийг эрсдэлтэй газраас нүүлгэн шилжүүлэх, нөхцөл байдал хүндэрсэн байршлын лаг шаврыг цэвэрлэх, ариутгал хийх, цахилгааныг холбох гээд олон ажил хийлээ.

Нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулахаар давхардсан тоогоор 15 мянга орчим ажилтан, алба хаагч өдөр шөнөгүй ажилласан. Эдгээр ажилтан, алба хаагчид, түүнчлэн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалж дэмжсэн, чин сэтгэлийн хандив өгсөн, өгсөөр байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

-Монгол Улсын аварга цолтой бөхийн хувьд наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?

-Монголчуудын хувьд эрийн гурван наадам, тэр дундаа бөхийн барилдаан бол тэсэн ядан хүлээдэг, таамаг ажиг тавьдаг, шимтэн үздэг спорт шүү дээ. Тэр утгаараа Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, хүчит бөхчүүдийн барилдаан, сур, шагай харваагаа үзээд догдолж байна. Эрчүүд эр бяр, мэргэн цэцнээ болон морьдынхоо хурдыг шалгадаг, олон жил уламжлан тэмдэглэж ирсэн баяр. Энэ жилийн наадам түмнээ баясгасан, өнгөлөг сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

-Нийслэлийн Засаг даргын хувьд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа онцлохгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд  төвлөрч ажиллаж байна. Мэдээж, сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа. Гэхдээ шийдлийг нь олоод, зоригтой алхам хийж байж л энэ бүхний ард гарна. Тиймээс хотдоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийгэм, эдийн засаг болон бусад салбарт тооцоолол, судалгаа хийж, шинжлэх ухаанд суурилсан, оновчтой, ухаалаг шийдвэр гаргахыг зорин ажиллаж байна. Энэ зорилгоор Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг байгуулсан. Цаашид энэ чиглэлд өндөр хөгжилтэй орнуудын бодлого, шийдлийг тодорхойлогч хүрээлэнгүүдтэй хамтарч ажиллахаар уулзалт хийлээ. Тухайлбал, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэргэдэх Хөгжлийн бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болсон.

-Танд баярлалаа, сайхан наадаарай.

-Баярлалаа. Дэлхийд мөртэй, түүхэнд нэртэй Монгол эх орныхоо үүх түүх, өв соёл, үнэт зүйлийг эрхэмлэн сахиж, монгол наадмынхаа ёс төрийг дээдэлж сайхан наадахыг хүсье. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн байх болтугай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *