“Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүйд тооцлоо

“Атар-Өргөө” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа дөрөвдүгээр сарын 28-нд хийжээ. Энэ үеэр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс тогтоол гаргаж нэр бүхий хоёр иргэний хувьцааг саналын эрхгүй гэж үзэж, хуралд оролцуулаагүй асуудал үүсчээ. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр иргэн СЗХ-нд гомдол гаргасан байна. Энэ асуудлаар СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч Ш.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Атар-Өргөө” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа дөрөвдүгээр сард хийсэн. Энэ үеэрээ зарим хувьцаа эзэмшигчдийг тус хуралд оролцуулаагүй талаар эдгээр иргэд СЗХ-нд гомдол гаргасан юм билээ. Энэ гомдлыг хэлэлцсэн үү?

-2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд “Атар-Өргөө” ХК-ийн ТУЗ-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон. Энэ үеэр хоёр иргэнийг хуралд оролцох саналын эрхгүй гэж шийдвэрлээд санал өгүүлээгүй асуудал үүссэн юм билээ. Үүнтэй холбогдуулан хоёр иргэн манайд гомдол гаргасан.Гомдлыг зөрчлийн хэргээр хянан шийдвэрлээд  тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисст арга хэмжээ авсан. Тодруулбал, “Атар-Өргөө” ХК-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг дахин зарлах үүргийг өгсөн.

-Тэгэхээр дөрөвдүгээр сарын 28-ны хурлыг хүчин төгөлдөр биш гэж үзсэн гэж ойлгож болох уу?

-Хувьцаа эзэмшигчид тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийг оролцуулаагүй гэдэг үүднээс дээрх ээлжит хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл үүссэн. Бидний авсан  энэ арга хэмжээтэй холбогдуулаад шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.

-Хэдий хугацааны дотор дараагийн ээлжит бус хурлаа зарлах ёстой вэ.Тогтсон хугацаа байдаг уу?

-Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ТУЗ зарлана. ТУЗ ээлжит бус хурлаа зарлаад шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дотор хуралдах ёстой.

-Хурлаа дахин зарла гэсэн бичгийг СЗХ-ноос явуулахдаа хугацааг нь дурдсан уу. Ямар заалт байдаг вэ?

-Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахад олон үе шат дамждаг учир их хугацаа шаардана. Өнөөдөр зарлаад маргааш хуралддаг хурал биш. Цаг хугацаа, төлөвлөгөөтэй, хаана, хэзээ хуралдах гэсэн бүх зүйлийг зохицуулсан байдаг.

-Зөрчлийн асуудлаар нь арга хэмжээ авсанд гомдол гаргах эрх нь байгаа гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Торгуулийн арга хэмжээ авсан нэр бүхий гурван иргэн зөрчилтэй холбогдуулаад шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй.

-Ямар зөрчил гаргасан гэж үзсэн юм бэ?

-Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс нь Компанийн тухай хуульд заасан хувьцаат компанийн хувьцааны тоо, төрлийг тогтоох үүрэгтэй боловч  хувьцаа эзэмшигчийн хувьцааг саналын эрхтэй, эрхгүй гэж шийдвэр гаргах эрх хуулиар олгогдоогүй байна гэж үзсэн.

-Та бүхний гаргасан гомдлын шийдвэрлэлт ямар шатандаа явж байна. Саналын эрхтэй гэж бичиг явуулчхаад байхад саналын эрхгүй гээд иргэдийг хуралд оролцоогүй гэхээр танай бичгийг авч хэлэлцээгүй гэсэн үг үү?

-Хувьцаа эзэмшигчид санал өгөх эрхтэй, эрхгүй гэдэг асуудлаар иргэний эрх зүйн шүүхэд гомдол гаргах нээлттэй.

-Танайхаас илгээсэн бичгээр “Атар Өргөө” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлах үүргийг албан ёсоор хүлээж байна гэж ойлгож болох уу. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой юу.Хурал зарлах хугацаа нь 40-45 хоног гэсэн үү?

-40-өөс доошгүй хугацааны дотор дараагийн ээлжит бус хурлыг зарлана. Албан бичгээ хүргүүлсэн. Үүнийг биелүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна.

-Саналын эрхтэй хүмүүсийг эрхгүй гээд оролцуулаагүй буюу хувьцаа эзэмшигчдийн эрхийг бүрэн хангаагүй гээд ТУЗ-ийн хурлыг хүчингүй гэж тооцсон. Дараагийн хурал дээр энэ эрхийг хангах үүргийг хүлээж байгаа юу?

-Ер нь бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын буруу шийдвэрээс болоод дээр дурдсан хоёр иргэнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулаагүй. Нэлээд их хувийг эзэмшиж байгаа хоёр хувьцаа эзэмшигч байсан юм билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *