С.Амарсайхан: Үерийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас БЗД-ийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж,  246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цаг хуралдсан. УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

УОК-ын дарга С.Амарсайхан: Сэргээн засварлах боломжгүй болсон 13 айлыг эхний ээлжид орон байртай болгоно. УОК бэлэн байдлын төлөвлөгөөгөө байнга өөрчилж байна.

Гамшгийн улмаас орон байргүй үйлдсэн иргэдэд орон байр, хоол хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай арга хэмжээг авна. Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хохирлын үнэлгээ хийгдээд явж байна. Өнгөрсөн сард болсон хохирлын үнэлгээг Нийслэлийн онцгой байдлын комисс хийж байгаа. Үнэлгээний дүгнэлт эхнээсээ гарах байх.

Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн  нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.

Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: Баянзүрх дүүрэгт газар олголт хийсэн хүмүүсийн асуудлыг авч үзэх ёстойг иргэд хэлж байсан. Улаан цайм уулын үер буудаг хэсгүүдийг тэгшлээд газар олголт хийгдсэн байна. Иймээс үер усны гамшигт өртөх, орон гэр, амь насаа алдах нөхцөл байдал үүссэн учир тэнд буусан иргэдийн буруу гэхээсээ илүүтэйгээр хэн газар олгосон, үер усны замыг хааж газар олгосон бол үүнээс сэргийлэх ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийснийг харах ёстой гэж бид үзэж байгаа. НҮБ, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтарч гамшигт өртсөн айл өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийхэд олон нийт, хувийн хэвшлийн оролцоог хангах, тодорхой санхүүжилтийг шийдэх ажлыг ХНХЯ Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулна. Гамшигт өртсөн айл өрхүүдэд орон байр, хоол хүнсний дэмжлэг үзүүлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *