Маки Цүжимура: Япон Улс үерээс урьдчилан сэргийлэхийн тулд сүүлийн үед усан сан байгуулдаг болж байгаа
Аливаа байгалийн гамшигт үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралтай холбоотой бөгөөд цаашид ч давтагдах эрсдэл байсаар байгаа юм. Харин энэ бүхэнд бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэн зөвхөн Монголд ч биш, дэлхий дахинд хэт халалт, хуурайшилт, үер, далайн хар салхи, ган, зуд, усны нөөцийн хомсдол, цөлжилт зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсээр байгаа. Эдгээр асуудлын гарц шийдэл, шинэ инновацын талаар хэлэлцэхээр ОХУ, БНХАУ, Япон, Норвег, Канад, Герман, БНСУ зэрэг 10 гаруй орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид Улаанбаатар хотод хуралдаж байгаа юм. Уг хурал энэ сарын 10-11-нд болох юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Хот төлөвлөлтийг буруу хийснээс иргэд хохирч байна
ШУА-ын гишүүн, академич Д.Доржготов
-Зөвхөн манай оронд ч биш дэлхийн улс орон болгонд дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшиг нь тулгамдсан асуудал болоод байна. Зарим оронд хэт дулаарал мэдрэгдэж байгаа бол зарим оронд үер усны гамшиг нүүрлэж байна. Дулаарлаас үүдэн цэвдэг далай тэнгисийн ус элбэгших, ууршилт нэмэгдэхийн хэрээр үүлшилт нэмэгдэж байна. Тиймээс энэ бүхэнтэй дасан зохицож, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, нэгдсэн бодлоготой байх нь чухал.
Аливаа байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд нэгдсэн бодлого шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төр засаг, хотын захиргаа үүнд анхаарах хэрэгтэй. Нэгдсэн бодлого байхгүй, хот төлөвлөлтийг буруу хийсэн зэргээс үүдээд байгалийн гамшгийн үед иргэд хохирч байна.
Бэлчээрийн даацтайгаа уялдуулан малын тоо толгойг зохицуулах шаардлагатай
БНХАУ-ын ШУА-ын Газарзүйн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнгийн тэргүүлэх Профессор Донг Сүочен
-БНХАУ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр ямар бодлого баримталж, хэрхэн ажилладаг вэ?
-Манайх эрдэмтэн судлаачидтайгаа нягт хамтран ажилладаг. Байгалийн гамшиг болохоос нь өмнө урьдчилан таамаглах тал дээр түлхүү ажиллаж, үүнтэй уялдуулан хэрхэн яаж ажиллахаа боловсруулдаг. Сүүлийн үед дэлхийн температур эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт их явагдаж байгаа. Мөн борооны хур тунадас эрс нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох нь ч нэмэгдэж байна. БНХАУ-ын хувьд ч үерийн давтамж ихэсч байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас үерээс урьдчилан сэргийлэх, үерийн үед, үерийн дараа авах арга хэмжээ зэрэг дээр төвлөрөн ажиллаж байгаа.
-Монгол Улс байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэн тэргүүнд ямар ажил хийх шаардлагатай гэж зөвлөх вэ?
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монголд сүүлийн үед газрын доройтол, шороон шуурга зэрэг нь томоохон асуудал болоод байгаа. БНХАУ болон Монгол Улс нь урт хугацааны түүхтэй хөрш орнууд. Бид энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад хэзээд бэлэн байдаг. Цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулах зэрэг дээр шинэ технологийг нэвтрүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа.
Эдийн засагч, экологич хүний хувьд зөвлөхөд Монгол Улс нь бэлчээрийн даацтайгаа уялдуулж нэн тэргүүнд малынхаа тоо толгойг зохицуулах шаардлагатай байна.
Үерээс урьдчилан сэргийлэх аргыг цогцоор нь авч үзэх шаардлагатай
Япон Улсын Хүрээлэн буй орчны факультетын профессор, “Цүкүба” их сургуулийн доктор Маки Цүжимура
-Япон Улс нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр үлгэр жишээ орон. Тэгэхээр энэ туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Япон Улсын Засгийн газар, шийдвэр гаргадаг хүмүүс нь эрдэмтэн судлаачидтайгаа нягт уялдаатай ажилладаг. Сүүлийн үед энэ ажиллагаа улам идэвхжиж байна.
Миний хувьд усны нөөцийн мэргэжилтэн. Япон Улсад далайн шуурга нь нийтлэг үзэгдэл болсон. Япон Улс нь үерээс урьдчилан сэргийлэхийн тулд том хэмжээний далан шуудууг нэлээд олныг хийсэн байдаг. Харин сүүлийн үед усан сан байгуулдаг болж байгаа. Үүнийг байгуулахад судлаачдын судалгаа, инженерийн шийдэл гээд цогц шийдэл шаардлагатай байдаг. Нэг шийдвэрийг олон мэргэжилтнүүд зэрэгцэн суугаад харилцан ярилцаж байгаад гаргадаг. Мөн байгууллагууд мэдээллээ солилцох тал дээр уялдаа холбоотой ажилладаг.
-Усны нөөцийн мэргэжилтэн хүний хувьд үерээс урьдчилан сэргийлэхийн тулд Улаанбаатарт нэн тэргүүнд ямар арга хэмжээ авахыг зөвлөх вэ?
-Сүүлийн үед Улаанбаатарт үер их бууж байна. Миний харж байгаагаар уг нь далан шуудуу байна. Гэхдээ үүнийг зохистой шийдэж чадаагүйгээс эрсдэл үүссээр байна. Тиймээс хот төлөвлөлттэйгөө уялдуулаад далан шуудууг оновчтойгоор хийх шаардлагатай байна. Бороо орсны дараа Улаанбаатарын энэ тэнд ус тогтож байна. Энэ нь ус зайлуулах системийг оновчгүй төлөвлөсөнтэй холбоотой. Туул голоо бохируулж, цэвэрлэх байгууламждаа хэт их ачаалал өгч байна. Тиймээс үерээс урьдчилан сэргийлэх аргыг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.
Бидэнд судалгаан дээр үндэслэсэн бодлого хэрэгтэй байдаг
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд бидэнд судалгаан дээр үндэслэсэн бодлого хэрэгтэй байдаг. Шинжлэх ухаанд суурилсан бодлого төлөвлөлт хийхэд энэ хурлын ач холбогдол оршиж байгаа. Монгол Улс нь байгаль, цаг уурын өвөрмөц тогтоцтой болохоор бид аливаа шийдвэр гаргахдаа, экологи, эдийн засгийн үндэслэл зэргийг нь тооцож, нарийн судалгаа хийж хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Энэ хурлын нэг зорилго нь хэрэгжүүлж болохуйц шинэ инновацыг судлахад оршиж байгаа.
t