Э.Баярбат: Үерт өртөж тусламж зайлшгүй хэрэгтэй болсон 360 айл байна
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр үерт автсан айлуудын тоон мэдээлэл болон хандив тусламжийн талаар БЗД-ын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Үерийн улмаас хохирсон айлуудад тусламж үзүүлэх ажлын хэсэг байгуулагдан, гурван баг болж ажиллаж байна. БЗД-ийн гурван хорооны айл өрх болгоноор орж, бодит нөхцөл байдалтай танилцаад дүгнэлт, судалгаа гаргасан. Үүнээс харахад үерээр хохирсон тусламж зайлшгүй хэрэгтэй болсон 360 айл байна. Эдгээрээс 47 айл нь гэр оронгүй болсон учраас гэр олгох шаардлагатай байгаа. Өнөөдөр 20 айлд Нийслэлийн Онцгой Комиссоос гэр, газрыг нь олгохоор бэлдэж байна. Үлдсэн айлуудад ч гэр олгоно. Одоогийн байдлаар БЗД-ийн Тамгын газрын хандивын дансанд 28.7 сая төгрөг цугласан байна. Иргэд болон төрийн байгууллагуудаас ирсэн хандивыг 312 айлд хүргэсэн. Мөн хүнсний болон хувцасны хандив тусламжийг үзүүлж байгаа” гэв.