Гэр хороололд мод тарих ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шатанд 1.9 сая ам метр талбайн 777 тонн шарилж, луулийг, хоёрдугаар шатанд 1.8 сая ам метр талбайн 887 тонн хөл газрын ургамлыг цэвэрлэжээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ долоо хоногийн хугацаанд 144 км замын цэвэрлэгээ, үйлчилгээнд зам талбайн 200 үйлчлэгч 20 орчим машинтай ажиллаж, 173 тонн хог хаягдал, шороог ачиж тээвэрлэсэн байна. Түүнчлэн 3000 метр урт хайс, хашлага, мөн нүхэн гарцыг угааж, 51 мянган ам метр талбайн хөл газрын ургамлыг устгаж цэвэрлэжээ.