Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай, мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд таардаг, зам шинээр тавихад хүрдэггүй байна. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.

Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Манай дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь дэд бүтцийг сайжруулах ажлууд байгаа. Мөн хэдий сүүлд байгуулсан дүүрэг ч гэлээ шугам, сүлжээ нь 30-40 жил болсон тул их засвар хийж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагатай болсон. Энэ нь мөн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах гол суурь нөхцөл нь” гэдгийг тодотгож байв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо нь 1983 онд ашиглалтад орсон, оросууд барьж өгчээ. 42 метр урт, 24 метр өргөн буюу 1008 ам метр бөгөөд хоёр том заалтай. Улсад томоороо хоёрт буюу Эрдэнэтийн спорт заалны дараа ордог. Дүүргийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг хамгийн том спорт заал нь энэ. Гэвч барилгын одоо байгаа нөхцөл байдал нь олон нийтийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс дотоод засварыг энэ жил эхлүүлж, ирэх жил гадна засварыг хийх хүсэлтэй байгаагаа дүүргийн удирдлагууд Хотын даргад уламжлав.

Ханыг дулаалах, дотор, гадна их засвар хийх, олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, 50 гаруй автомашины зогсоолыг тохижуулах зэрэгт нийт нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай байна. Үүнээс дотор засварт 500 сая гаруй төгрөг хэрэгтэй. Зураг төслийг 2021 онд хийжээ. Дүүргийн зүгээс тэмцээн, уралдаан зохион байгуулахад шаардлагатай техник хэрэгслийг шийдэж байгаа гэлээ.

Хотын дарга саналуудаа 2024 оны улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэйг, мөн хөрөнгө оруулалтыг шийдэхэд анхаарахаа хэлж байв.

Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороонд дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийнхан Улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хийж байлаа. 16 настнууд нь улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Сагсан бөмбөгийн бүхий л тэмцээнүүдэд оролцдог гэдгийг дасгалжуулагч нь хэллээ. Хотын дарга хүүхдүүдэд сурлага, спортын өндөр амжилт гаргахыг хүссэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *