ХНХ-ыг сайд Х.Булгантуяа хөдөлмөрийн гэрээт иргэдийн асуудлаар БНСУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн менежмент, хөгжлийн сангийн Тамгын газрын дарга Ким Тэ Хуантай 2023 оны 9 сарын 13-ны өдөр албан уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ажиллах хүч илгээхэд Монгол Улсаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдын квотыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөдөлмөрийн салбарын чиглэлийг өргөжүүлэх, олон улсын сургалт семинарыг хамтран зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн бодлого төлөвлөлтийн журам боловсруулах зэргээр гурван жилийн хугацаатай хэрэгжүүлдэг ODA төсөлд энэ жил Монгол Улс саналаа өгч хамтран оролцох зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-г хэрэгжүүлэх “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу 2004 оноос өнөөг хүртэл Монгол Улсаас нийт 36 000 гэрээт ажилчид ирж ажиллажээ.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд улам өргөжиж буйд таатай байгаагаа илэрхийлээд, тэр дундаа хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон дурдлаа.
Мөн хөдөлмөрийн гэрээт ажилчдыг зөвшөөрөгдсөн квотын тоонд хүргэх, эмэгтэй ажилчдын квотыг нэмэгдүүлэх, тогтвортой нөхцлөөр ажиллаж буй гэрээт ажилчдаа дэмжих, тэдний гэр бүл, ах дүүг урьж хамтад нь амьдруулах, батлан даах тогтолцоог хэрэгжүүлж, дэмжин урамшуулах хүрээнд орон сууцны ипотекийн зээлд эхний ээлжинд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *