Оюутолгойн ордыг Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх хэлэлцээрийн эхний өдөр юу болов?
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ тогтоол гаргасан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр /2021.04.12/ “Рио Тинто” групптэй анхны нүүр тулсан хэлэлцээг эхлүүллээ.
“Рио Тинто”-оос танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ээр Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан бөгөөд “Оюутолгой” ХХК ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2051 он хүртэл зөвхөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад төлөхөөр байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд ихээхэн эргэлзээ үүсгэж байгааг Засгийн газар мэдээлсэн.
Харин “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг хийх хувилбар дээр нэгдсэн шийдэлд хүрсэн гэж өнгөрсөн 7 хоногт мэдэгдээд байгаа.
Оюутолгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоод буй. Өөрөөр хэлбэл анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан дүнгээс 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэсэн үг.
Хэлэлцээрийн эхний өдөр нарийн асуудал ярилцаагүй бөгөөд хоёр талаас ажлын хэсэгт орж ажиллаж буй бүрэлдэхүүнээ танилцуулснаар өндөрлөжээ.