Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг танилцуулах уулзалтыг орон нутагт зохион байгуулж байна
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг орон нутагт танилцуулах уулзалтыг Дархан-Уул аймгаас эхэллээ.
Хуулийн төслийг танилцуулахаар орон нутагт ажиллаж байгаа багт хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Зөвлөхүүдийн албаны зөвлөх Ё.Энхсайхан, Нийгмийн бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Б.Цогзолбаяр, нарийн бичгийн дарга Х.Ганцэцэг, Эрүүл мэндийн яамнаас Нийтийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Баяртулга, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа нар багтсан бөгөөд тэд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдтэй хуулийн төслийн хэлэлцүүлэг, уулзалтыг хийж, санал бодлоо солилцов.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа юм гэдгийг хуулийн төслийг танилцуулах уулзалтын үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор С.Өнөрсайхан онцолж хуулийн ач холбогдлын талаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх дэд ажлын хэсгийн гишүүд тодорхой танилцуулсан.
УИХ-аас 2012 онд баталсан Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байхаар хуульчилсан. Хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тодорхойлсон ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохицуулах хууль эрх зүй өнөөг хүртэл бүрдээгүй учраас Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан.
ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэх тул эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг зөвлөдөг. Гэвч манай улс эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа. Хотжилт, үйлдвэржилт, хэт төвлөрлөөс үүдсэн агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, химийн бодисын хэрэглээ, өртөлт, хордлого нэмэгдэх эрсдэл, хүний амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан өвчлөлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг, хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутмаг байна.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл эзэлдэг бөгөөд хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн орчны эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой гэж үздэг юм.
Хуулийн төслийг танилцуулах уулзалт Сэлэнгэ, Орхон аймагт үргэлжилж байна.