Монгол Улсын нисэхийн аюулгүй байдалд аудитын шалгалт хийж эхэллээ
Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Universal Security Audit Programme-Continuous Monitoring Approach хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хийх аудит шалгалт өчигдөр эхэллээ.
ICAO USAP CMA аудит шалгалтыг явуулахаар ICAO-ын аудитороор олон жил ажилласан туршлагатай баг манай улсад ирээд байна.
Энэ талаар ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа “Иргэний нисэхийн салбарын аюулгүй байдал өндөр түвшинд хангагдах нь манай улсын иргэд болон Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын аюулгүй, таатай агаарын тээврийн үйлчилгээг авах үндсэн нөхцөл болдог тул бид олон улсын шаардлагыг үндэсний баримт бичигт тусгаж, мөрдлөг болгон ажиллахыг бүх талаар зорин ажилладаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улс хооронд 2014 онд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд USAP-CMA on-site аудитыг 2023 онд Монгол Улсад гүйцэтгэх болсныг бид талархалтайгаар хүлээн авч, холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна” гэж ярилаа.