Монгол төрийн эго, аархал, зиндаархалыг илтгэсэн САЙДЫН БЯЛУУ
Шалихгүй эр гэртээ хаан төрхтэй
Шар шувуу үүрэндээ хангарьд дүртэй хэмээх нэгэн хэлц бий. Бидний “сэнтий” дээр заларч, төрийн эрхийг барьж байгаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдуудаас эхлээд нэг яамны газрын дарга нь хүртэл өөрийгөө хаан хэмээн боддог нь тэдний алхаа, харцнаас хэнд ч ил тод харагдана.
Чухамдаа эрх баригчид, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө Монгол хэмээх жижиг гүрний хаад, ноёд, түшмэд хэмээн сэтгэж, харин ард иргэд биднийг боол мэт боддогоо тэд үг болоод үйлдлээрээ харуулдаг. Үүнийг саяхны нэгэн жишээ харуулллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны төрсөн өдөр тохиож хамт ажилладаг хүмүүс нь түүнд зориулан баярын бялуу хийлгэжээ. Сайд, ерөнхийлөгч ч хэн ч бай төрсөн өдрөөрөө бялуу идэх эрхтэй. Энэ нь байх л ёстой зүйл. Гэхдээ Х.Болорчулуун сайдын бялуу “энгийн” бялуу байсангүйд л хамаг учир байгаа юм.
Бялууны хүрээ гэхэд ногоон өнгийн өлзий болоод түмэн наст хээг дүрсэлсэн байна. Бүхэлдээ ногоон өнгө бүхий тус бялууны дээд хэсгийг таван хошуу мал, үр тариа, өвс ногоон, талх, нарийн боовноос эхлээд хөдөө аж ахуйн салбарын онцлогийг тодотгосон бололтой дүрслэлүүдээр бүрхжээ. Мөн чиг их сэтгэл, мөн чиг их эго, мөн чиг их аархал юм даа гэж бодогдоно.
Ажлынхаа онцлогийг илэрхийлсэн бялуу идсэнээрээ ур чадвар, мэдлэг нэмэгддэг бол энэ жилийн хамгийн шилдэг сайдаар маргаангүй Х.Болорчулуун тодрох нь ээ. Бас ч гэж түүнд энэ бялууг сэтгэл гарган хийлгүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ч ажлыг яралзуулж Монголын хөдөө аж ахуйн салбар түүхэнд байгаагүй хэмжээний дээд амжилт гаргаж, ололт амжилтаараа ялгарах нь дамжиггүй.
Хэрэв энэ бялууны “шид”-ээр үнэхээр их хэмжээний үр тариа авч, өвлийг ганц ч малын хоргодолгүй давж чадвал бусад сайдууд үлгэр жишээ аваасай. Боловсролын сайд нь үзэг, дэвтэр, нөтбүүк, Харвардын сургуулийг дүрсэлсэн бялуу идэж, Эрүүл мэндийн сайд нь эм, тариа, вакцин дүрсэлсэн бялуу захиалуулж, Эрчим хүчний сайд нь салхин сэнс, гэрэл болоод тог цахилгааныг илэрхийлэх дүрслэлүүдээр бялуугаа чимэглэж, Барилга, хот байгуулалтын сайд нь өндөр өндөр орон сууц, алх, дөш, хөөсөнцөр, цемент гээд мэргэжлийнхээ онцлогийг тодотгосон бялуу идээсэй. Тэгвэл ч Монгол ёстой нөгөө Азийн бар болж хөгжинөө гэдэгт итгэл дүүрэн байна.