Хөгжилд хөтлөх Шивээхүрэн боомт
Саяхан Шивээхүрэн боомтоор зорчиж, боомтыг нүдээр үзэх боломж тохиов. Улаанбаатар хотоос 1000 орчим км зайтай, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус боомт нүүрс тээврийн 50 км урт цуваа хөвөрсөөр угтав. Боомтын орчим ажин түжин. Их гүрэн цаахантай нь ихэмсэгээр дүнхийж, авах нь гэдийж өгөх нь бөхийдөг жам ёсоор хил хүртэл дарааллан зогсох бидний цөөхөн Монголчууд.
Тээврийн жолооч нар доод тал нь 7 хонож, машинаасаа буух ч эрхгүй шахам тус цуваа үргэлжилнэ. Бага багаар зогсохгүй урагшлах нь цатгалан могой олзоо аажуухан залгих мэт. Дээрх бодолд ундууцан хэсэг мэдээлэл ухаж үзэв. Бас ч гэж дандаа сөргөөр бодох зүйл биш бололтой.
Газрын хэвлийд өвөг дээдсийн үлдээсэн энэ их баялаг, нүүрсний асар том хэрэглэгч улстай хил залгаа оршиж буй зэрэг нь их зүйлийг бодуулах. Бүхий л зүйл өөрийн цаг хугацаанд үнэ цэнээ олдог шиг одоо л бид нүүрсээ борлуулж, эдийн засгаа тэлэх боломж бүрдэж байгааг тэнд хөврөх уртаас урт цуваа бэлхнээ ойлгуулав.
Нэг машинд хийгдэх хил, гаалийн үзлэгт зарцуулах хугацаанаас хамаарч нэвтрүүлэх чадвар тооцогдож байх шиг. Бичиг цаасны бүрдэл, ачааны жин тонн, рентген, ариутгал, хил нэвтрэх жолоочийн биеийн байцаалт гэх мэтээр үйл хөдлөл бүхэн цаг авна.
Дээрх авто замтай зэрэгцээд төмөр замын далан эх орны хилийн шонд тулж, тэнд 7 км үргэлжлэх хил дамнасан Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нүүрс тээврийн зам ид баригдаж байгааг харж болно.
Төмөр зам барихтай зэрэгцэн асар том ухмал, тэнд авто машинаас галт тэргэнд шилжүүлэн ачих терминал хийгдэж байгааг олж харна. Аяндаа уул овоо шиг газар шорооны нүсэр ажил хил тултал үргэлжилнэ. Нөгөө хил дээр 50 км-ийн алсаас дугаарлах машинууд энэ терминалд ачаагаа буулгаж, эндээ хооллож, хоноглож аваад буцах нь. Бараг явуут дунд нь ачааг нь өргөгч техникээр өргөчихдөг орчин үеийн соронзон болон бусад өргөгчүүд хөгжсөнийг харж байв.
100 орчим машины ачаа нэг бүлэг галт тэрэг болж, тэндээсээ Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замаар БНХАУ-ын гүнд хүртэл хүссэн газартаа хүрэх боломжтойг уг төмөр замын сүлжээ, хэтийн зураглалаас харж болно.
Зөв газраа, зөв цагтаа баригдаж байгаа уг төмөр замыг хараад сэтгүүлч миний бие төр засгаа анх удаагаа сайшаан бодож, мөн л сурсан зангаараа ухаж сонирхтол дотоод хувийн хэвшлийн компаниуд өөрсдөө төмөр замаа барьж байгааг олж мэдэв.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа-2050, түүний хүрээнд хийгдэж буй Шинэ сэргэлтийн бодлогын дэд хөтөлбөр болох Боомтын сэргэлтийн хүрээний томоохон ажил юм байна. Гол нь хувийн хэвшлийн томоохон компаниуд өөрсдөө хөрөнгө мөнгөө зориулан уг төслийг хэрэгжүүлж байгааг хараад баярлах, бахдах сэтгэл төрснийг нуух юун.
Шивээхүрэнгийн боомт жилдээ 10 орчим сая тонн нүүрсийг экспортод гаргадаг, зорчигч багатай боомт байсныг ийнхүү хөдөлгөөнд оруулж төмөр зам барьсанаар жилийн экспортын гарц 30 орчим сая тонн болж нэмэгдэхээр тооцоотой юм.
Шивээхүрэнгийн төмөр зам бий болсноор тэнд тодорхой хэмжээний төвлөрөл, хөдөлгөөний эрчим нэмэгдэж, хоёр дахь Замын-Үүд болон өргөжих бүрэн боломж байгааг харж болохоор. Цаахан талд нь Хятад улсын нүүрс хэрэглээний гол зах зээл байгааг төслийн судалгаанд нарийн тооцоолон тусгажээ.
Уг төмөр зам тун удахгүй ашиглалтад орж, цаашид эдийн засгийг тогтвортой сэлбэх хөгжлийн гүүр байх нь дамжиггүй. Дашрамд дурьдахад уг төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллаж буй Нарийнсухайтын төмөр зам ХХК-ын хамт олонд зуу зуун тээвэр эрхлэгч жолооч нарын өмнөөс талархах ч багадахаар юм. Цаашдын үйл ажиллагааг хариуцан ажиллах Шивээхүрэн төмөр ХХК-ын хамт олонд халуун баяр хүргэе. Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах болтугай.
Б.Билгүүн