Бие биедээ хайртай байх цор ганц шалтгаан “Бид бүгд жаргамаар байна”
Ганц л олдох хүмүүний энэхэн тавиландаа хүн бүр жаргахыг л хүснэ. Өнгөцхөн харахад бүгд өөр өөр зорилго, хүсэл тэмүүлэлтэй, өөр дотоод ертөнцтэй мэт боловч эцсийн цэг нь жаргах, жаргалтай амьдрах л байдаг. Гудамжаар эсрэг зүг рүү зөрөн өнгөрөх хүмүүс ч ажил, сургууль руугаа биш эцсийн дүндээ аз жаргалыг л эрж хайж бүдчин яваа нь тэр.
Яг л та аз жаргалынхаа төлөө махран ажиллаж, илүү сайхан ирээдүйн төлөө хичээн зүтгэж суралцдаг шиг бусад ч мөн адил аз жаргал руугаа гүйж яваа нь тэр. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахаар явах ч бас л аз жаргал руугаа тэмүүлж яваа үйлдэл байдаг шүү дээ.
Хоосон хайрцаг урдаа тавиад гудамжны хүйтэн шалан дээр суух гуйлгачин ч, хаана яваагаа, хэн гэдгээ мартатлаа уусан архичин ч, бусдыг мэхэлж яваа залилагч ч тэр бүгд аз жаргалынхаа төлөө ийн яваа нь тэр. Хийж байгаа үйлдэл, арга зам нь өөр боловч хүн төрөлхтөнийг холбодог, бие биедээ хайртай байх цор ганц шалтгаан нь “Бид бүгд жаргамаар байна”.
Хүн бүр голын эрэг дээр орших моддоор хүрээлэгдсэн олон давхар тансаг хаус, сүүлийн үеийн загварын машин, гар утас хүсдэггүй. Харин хүн бүр аз жаргалыг хүсдэг. Гэхдээ бусад хүн жаргаад л харин та л зөвхөн зовж, шаналаад байгаа мэт хоосон, гунигтай мэдрэмж төрж байна уу.
Тэгвэл яг одоо хувцасаа өмсөж гэрээсээ гараад Улсын драмын эрдмийн театрын кассыг зориорой. Цас бударсан “эмо” энэ л өдрүүдээр театрыг зорьж “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг үзээрэй. Тэгвэл таны хайгаад байгаа аз жаргал алс хол биш өөр хэн нэгэнд ч биш яг таны хажууд байгаа гэдгийг мэдрэх болно. Яаж гэж үү?. Хариулт нь “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигт бий.
Өөрт байхгүйг хүсдэг нь хорвоогийн жам, бичигдээгүй хууль. Гэрлэсэн нь ганцаараа байхыг, ганц биечүүд нь гэрлэхийг хүснэ. Тэргэнцэртэй нь алхахыг, явган алхаж яваа нь машинтай болохыг, машинтай нь загварыг нь шинэчлэхийг хүснэ. Эхнэртэй залуугийн хажууугаар зөрөн өнгөрөх эмэгтэй эхнэрээс нь ч илүү хөөрхөн харагдах ч өөр нэгэн залууд түүний эхнэр илүү үзэсгэлэн төгөлдөр харагдана.
Зарим нь өндөр болохыг мөрөөддөг байхад өндөр нь өөрийн харагдах байдлаасаа ичих нь ч бий. Зарим эмэгтэй илүүдэл жиндээ санаа зовнин, сэтгэлээр унаж суухад өөр нэгэн эмэгтэй түүн шиг хөл дээрээ зогсож үзэхийг, өөр нэг нь түүн шиг мөрөөдлийн ажлаа хийж үзэхийг чин сэтгэлээс хүсч мөрөөдөн, өдрийн бодол шөнийн зүүд болж суух нь бий. Энэ бол бидний амьдралын бодит дүр төрх.
Юунд ч сэтгэл ханахгүй, үргэлж дараагийн сайн сайхан руу, илүү их зүйлийг хүсч мөрөөдөх нь байгалийн жам, хүмүүний төрөлх зан гэлтэй. Гэхдээ эцсийн эцэст бид бүгдийг жаргахыг л хүсдэг. Асар их ачаалалтай, дарамттай, хэцүү санагддаг ажил тань өөр нэгний насан туршийн мөрөөдөл гэдгийг та мэдэх үү.
Дэггүйтэж, бүтэн өдөржингөө цэвэрлэсэн гэрийг тань хэдхэн минутад “дэлбэлсэн” мэт болгочихдог, ядаргаатай санагддаг хүүхэд тань мянга мянган гэр бүлийн хүсээд ч, мөнгөтэй байгаад л олж авч чадахгүй эрдэнэс гэдгийг та мэдэх үү. Оройтоод ирэхээр тань үглэж загнадаг, хурдхан нь хажуунаас нь холдож тусдаа гармаар санагдаж, муухай үгсийг ээж рүүгээ хайр найргүй шидэлж байхад ээж гэж ганцхан удаа хэлж үзэхийг хүсдэг сая сая хүн энэ дэлхийд байдаг гэдгийг мэдэх үү.
Өвөөдөө үнсүүлж сахлаар нь хатгуулж үзэх, эмээгийн гараас сүүтэй цай уух, аавын мөрөн дээр сууж үзэх, ээжээр үглүүлж, эгчээр загнуулж, ахаар аргадуулж, дүүтэй болж эрхлүүлж, хэн нэгнээс өмөөрч үзэх гэсэн жижигхэн мэт боловч энэ бүхэн дэлхий хэмээх гараг дээр орших найман тэрбум хүний мөрөөдөл, аз жаргалын эх үүсвэр гэдгийг та мэдэх үү.
Хүн болгонд жаргах хүсэл байдаг. Гэхдээ бидэнд аз жаргал байхгүйдээ биш хажуудаа байгаа аз жаргалаа анзаардаггүй учраас бид бусдын зүйл рүү шунаж, бусад л бидний нүдэнд жаргалтай харагддаг юм байна гэдгийг “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн дөрвөн жүжигчин чанга гэгч нь “хашгираад” ойлгуулчихлаа.
Та жаргахыг хүсч байна уу.Тэгвэл хажуудаа суугаа ханиа, ээж, аав, хүүхэд, ах, эгч, өвөө, эмээ, найз нөхдөдөө талархлаа илэрхийлж нэг тэврээрэй. Чин сэтгэлээ нээж нэг ярилцаарай. Ганцаараа амьдардаг бол аяга халуун кофе уунгаа буйдан дээрээ тухлан суугаад зурагтаа асаагаад хамгийн дуртай киногоо эсвэл хамгийн дуртай хамтлагийнхаа дууг тавиад цонхоороо нэг ширтээд үзээрэй. Тиймээ та одоо л аз жаргалыг оллоо.
Аз жаргалыг хайдаггүй. Аз жаргалыг хэн нэгнээс хүлээдэггүй. Аз жаргалыг бид өөрсдөө бүтээдэг юм шүү. Аз жаргалтай амьдрал гэж байх боломжгүй. Харин амьдрал гэдэг аз жаргалтай өдөр, жаргалтай мөчүүдийн цуглуулга юм.Тиймээс яг одоо театрыг зорьж, амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийн тоог нэгээр нэмээрэй.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмын жүжгийг арваннэгдүгээр сарын 4, 5 -нд Хүүхэлдэйн театрт тоглож байна. Жүжиг үзэх ч бас бидний хайгаад байдаг аз жаргал шүү дээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласныг дуулгахад таатай байна. Гол дүрүүдэд театрын “лут гарууд” болох гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь нар тоглосон гэхээр үзэхээс өөр сонголт үгүй байгаа биз.