Аянга бууж ойн түймэр гарчээ
Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн “Зүүний-Эх” гэдэг газар аянга бууж ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16.44 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19.10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатжээ.
Мөн Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны 20.50 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан мөн өдрийн 14:04 цагт цурамд оруулж, өчигдөр 09.03 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатжээ.