Завхан аймгийн Улиастай сумын нутагт 158 өрхийн 449 хүн үерт өртжээ
Завхан аймгийн Улиастай сумын нутагт өчигдөр 17:33 цагаас үргэлжлэн орсон усархаг борооны улмаас урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 хүн, Жаргалант, Жинст, Өлзийт багт нийт 131 га талбай үерт автжээ.
Аймгийн онцгой байдлын аврагчид нийт 25 хүний амь насыг авран хамгаалж, Жинст багийн Ногоочдын хэсгийн 13 айлыг нүүлгэн шилжүүлжээ.
Сэтэрсэн замыг засварлах, байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох арга хэмжээг авч байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Шуурхай штаб 24 цагаар ажиллаж, үерт өртсөн үлдсэн айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, очих газаргүй иргэдийг байр, хоолоор хангах, иргэдийн эд хөрөнгийг сахин хамгаалах, зам талбайн лаг шаврыг цэвэрлэх, айл өрхийн эд хөрөнгийг сахин хамгаалах, үер болсон газрын гүний худгууд, ногооны талбай, зооринд шинжилгээ хийж үерт автсан хүнсний ногоог устгалд оруулах, цахилгаанаас үүдэлтэй гал гарах эрсдэлээс сэргийлэх, үерийн эрсдэлт бүх айл өрхөд мэдэгдэл болон үертэй холбоотой зөвлөмж өгөх, ариутгал, халдваргүйтгэл хийх юм байна.
“Улиастай хот өндөр уулын бүсэд оршдог боловч үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламжгүй. Иймд ирэх жилийн төсөвт үерийн эрсдэлээс хамгаалах нэгдсэн байгууламжийн хөрөнгийг суулгаж өгөх хэрэгтэй.
Голын ай сав, уулын ам, үерийн эрсдэлт газруудад газар олгосон эрх бүхий албан тушаалтан иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад оролцоно” гэдгийг аймгийн онцгой комиссын хуралдаанаар сануулжээ.