Залуучууд артерийн даралт ихэссэнээ мэдэхгүй цус харваж байна

Тархины цус харвалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нас баралт өсч байгаа учир урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх хэрэгцээ шаардлага ихэсчээ. Энэ талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаа дараах зөвлөмж мэдээллийг өглөө.

Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага харвалт гэх өвчинд онцгой анхаарал хандуулж байна. Нэг минут тутамд дөрвөн хүн тутмын нэг нь харваж байна гэсэн судалгаа бий. Тиймээс харвалтаас урьдчилан сэргийлэх, харвалттай тэмцэх шаардлага үүсч байна. Харвалт гэдэг бол мэдрэлийн тогтолцооны цочмог гэнэтийн эмгэгийн тоонд ордог. Нас баралт өндөртэй, тахир дутуу болох эрсдэл их, хөдөлмөрийн чадвараа алдах магадлал өндөртэй тул хүн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь зөв.

Тархины харвалт гурван төрөл. Нэгдүгээрт, судсаар эргэлдэх ёстой цус эргэлдэж чадахгүй бөглөрөх. Хоёрдугаарт, судас хагарч цус тархины эд, ховдол руу урсах тохиолдол. Гуравдугаарт, судасны олдмол болон төрөлхийн гажгийн улмаас үүссэн цүлхэн хагарч торлогийн доорх цус харвалт үүсдэг.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг зүүн бүсийн аймгийн буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий Говьсүмбэр, Дорноговь мөн хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд лавлагаа шатлалын тусламжийг үзүүлж байна. Хоёрдугаар эмнэлгийн хувьд харвалтыг эмчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, харвалтын нэгжид энэ төрлийн тусламжийг үзүүлэхээс гадна харьалтын шалтгааныг тогтоох шинжилгээ буюу ангиографийн тусламж, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ингэснээр оношилгоо, эмийн болон мэс заслын аргаар харвалтыг эмчилж, оношилж байна.

Харвалт үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлс нь чихрийн шижний өвчлөл, даралт ихсэлт, зүрхний хэм алдагдал, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол зэрэг.

Тиймээс хянах боломжтой өвчлөлөөс хүмүүс урьдчилан сэргийлэх боломжтой. Харвах эрсдэлтэй эсэхийг үнэлгээгээр тогтоож болно. Үзүүлэлтээ аль ч шатны эмнэлэгт очоод үзүүлэх боломжтой. Тархины харвалтын тухайд насаар нь авч бүх л насныхан эрсдэлтэй. Гэхдээ залуучуудын хувьд харвах эрсдэл сүүлийн үед нэмэгдсэн. Харвалт залуужиж байгаа нь артерийн даралт ихсэлттэй холбоотой. Манай харвалтын нэгжээр 2022 онд үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Тэр дундаа залуучууд их байгаа гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *