Ногоон автобусны хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна
Улсын Ерөнхий Прокурорын/УЕПГ/ газраас байгуулсан Авлигатай Тэмцэх Газар/АТГ/, Цагдаагийн Ерөнхий Газрын/ЦЕГ/ хамтарсан ажлын хэсэг төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгааг мэдээллээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжилжээ.
2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдан Авах Ажиллагааны Газар, Нийтийн Тээврийн Газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын/БНСУ/ дөрвөн иргэн яллагдагчаар татагджээ.