П.Сайнзориг: Хууль зөрчсөн цүнхний маягийн компаниудыг тендерийн хар жагсаалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр орой хуралджээ. Уг хурлаас 31 Аж Ахуйн Нэгжийг/ААН/ хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын стандартыг сайжруулах, иргэдэд аюулгүй, бизнест ээлтэй болгох талаар ярилцлаа.МҮХАҮТ болон мэргэжлийн холбоодтой хотын стандартын асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Тухайлбал явган хүний замын стандарт. Манай улс дөрвөн улиралтай мөртлөө явган хүний замд тавьж буй чулууг өнгөлөөд тавьчихдаг стандарттай. Үүнийг аюулгүй болгох, стандартыг сайжруулах юм.Тендер аваад үүргээ гүйцэтгээгүй, хаяад явчихдаг, гэрээний үүргээ биелүүлдэггүй, хууль зөрчсөн цүнхний маягийн компаниудыг тендерийн хар жагсаалтад оруулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр боллоо.Өнөөдрийн байдлаар 31 ААН-ийг тендерийн хар жагсаалтад оруулна. Эдгээр байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ. Ингэснээр тендерийн үүргээ гүйцэтгээгүй хэрнээ дараагийн тендерт ордог байдлыг зогсоох юм.Нийслэлийн иргэдийн татвараар бүтээн байгуулах гэж байгаа хөрөнгүүдийг үр ашигтай зарцуулах, хариуцлагатай байх үүднээс асуудлыг ярьж байна” гэв.
Мөн тэрбээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн үйл ажиллагааг хуулийн байгууллага шалгаж байна. Шалгалт дуусахаар зохих журмын дагуу шийдвэрээ гаргана” гэсэн юм.