Баянгол дүүргийн хоёр хороонд сургууль, цэцэрлэг барих газар чөлөөлөхөөр аж ахуйн нэгжтэй зөвшилцлөө

Хүн амын нягтаршил ихтэй, сургууль, цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороонд сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр ажиллаж буй. Энэ хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороонд сургууль, 28 дугаар хороонд цэцэрлэг барих газрын асуудлыг зөвшилцлөө.

Тодруулбал, “Материал импекс” ХК Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “My town” хотхоны зүүн талд байрлах 4000 ам метр талбайг сургууль барих зориулалтаар, тус дүүргийн 28 дугаар хороо, “Голден парк 2” хотхоны баруун талд байрлах 2000 ам метр талбайг цэцэрлэг барих зориулалтаар тус тус чөлөөлөн, нийслэлд газрын эрхээ шилжүүлэхээр боллоо.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар нар тус компанийн төлөөллүүдтэй газар дээр нь ажиллав.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Өнөөдөр Баянгол дүүргийн улсын сургууль, цэцэрлэггүй хоёр хороонд ажиллан,“Материал импекс” ХК-тай газрын асуудлаар зөвшилцөлд хүрлээ. Иймд уг байршлуудад үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжтэй яаралтай уулзан, орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөх шаардлагатай байна. Энд үүссэн төлөвлөлтийн алдааг тодорхой хэмжээнд засах хэрэгтэй тул ойрын хугацаанд Ажлын хэсэг байгуулж, газар чөлөөлөлт, орц, гарц нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ ажил Баянгол дүүргийн 25, 28 дугаар хорооны иргэдийн эрх ашгийн төлөө байх болно гэв.

Мөн тэрбээр тухайн байршлуудад замбараагүй барьсан зөвшөөрөлгүй хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments