|

ГССҮТ: Сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой гэмтлийн тохиолдол эрс нэмэгдэж байна

ХАЛТИРГАА ГУЛГАА

2024 оны нэгдүгээр сарын 05-наас 09-ний хооронд буюу сүүлийн 5 хоногийн хугацаанд  Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна.

Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан аж.

Зөвхөн нэг өдрийн байдлаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 6 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
  • 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 5156 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.

ЗӨВЛӨМЖ (ЦАНА ЧАРГА)

Иргэдийн хувьд:

  • Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
  • Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
  • Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
  • Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
  • Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
  • Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
  • Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

ХҮҮХДИЙН АХУЙН ХҮРЭЭНИЙ ОСОЛ, ГЭМТЭЛ

2023 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд 0-18 насны 70.296 хүүхэд осол, гэмтлийн шалтгаант яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Үүнд:

  Зам тээврийн осол -4.870

  Уналтын шалтгаант бэртэл гэмтэл -36.715

  Амьгүй механик хүчин зүйлд (тавилга, эд зүйл, хутга мэс, шил шаазан гэх мэт) өртөж гэмтсэн- 9791

  Амьтай механик хүчин зүйлд (нохой, муур, морь, тэмээ болон хүн гэх мэт) өртөж гэмтсэн  -9684

  Түлэгдэлт 3.359 байна.

Сурагчдын амралт эхэлснээс хойш

2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд 0-17 насны:

  • ТҮЛЭГДЭЛТ -101
  • ОСГОЛТ, ХӨЛДӨЛТ -8 хүүхэд яаралтай тусламж үйлчилгээ авсан байна

ЗӨВЛӨМЖ

Сурагчдын улирлын амралт эхэлсэн саруудад хүүхдийн ахуйн хүрээний осол, гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Тухайлбал гэрийн болон гадна орчин, тоглоомын талбайд, ууланд чаргаар гулгах үедээ гэмтэж бэртэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарын хувьд:

  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь үлдээх
  • Хүүхдийг хүүхдээр харуулах буюу ойролцоо насны ах эгч нарт нь үлдээх
  • Түлэгдэж гэмтэх эрсдэлтэй цахилгаан хэрэгсэл (ус буцалгагч, газан плитка, индүү, халуун тогоо) зэргийг хүүхэд хүрэхгүй газарт байрлуулах
  • Зүсэгдэх болон цохигдож гэмтэх эрсдэлтэй тавилга, хэрэгсэл (хайч, хутга, аяга шаазан, бэхэлгээ хийгээгүй тавиур, ханын шүүгээ, ирмэгтэй эд зүйлс) зэргийг сайтар анхаарах
  • Цонх, тагтнаас унаж эрсдэхээс сэргийлэн аюулгүй байдлыг хангах
  • Унаж бэртэхээс сэргийлэн хивс, хивсэнцэр болон ор, буйдан, сандал, шатны эрсдлийг тооцох
  • Гадаа талбайд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй байх
  • Агаарт салхилах, тоглоомын талбайд тоглох, чаргаар гулгах үед хүүхдийг дулаан хувцаслах зэргээр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах нь чухал юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *