ЭЕРЭГ: Монголын авьяастан О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Америкчууд” шоуны шүүгчдийг гайхшрууллаа
“Авъяаслаг монголчууд” шоуны анхны дугаарын ялагч О.Энх-Эрдэнэ алс холын “Авьяаслаг Америкчууд” шоунд амжилттай оролцож байна.
Тэрбээр тус шоуны “AGT: Fantasy League” шатанд шалгараад байгаа юм. Тодруулбал, шүүгчид эхний шалгаруулалтаас өөрт таалагдсан оролцогчоос сонгож, дараагийн шатанд бэлдэхэд нь дэмжиж, заавар зөвлөгөө өгч, үзүүлбэрийг удирдан чиглүүлдэг байна. Өөрөөр хэлбэл шүүгчид өөрсдийн бэлдсэн оролцогчдоор багаа бүрдүүлж, хоорондоо өрсөлддөг аж.
Ийнхүү шүүгч, модель Хэйди Клум О.Энх-Эрдэнийг багтаа авсан ба түүнийг Гарт Бруксын “Friends in Low Places” дуугаа дуулахад нь дэмжиж мөнгөлөг ковбой малгай өмссөн юм. Түүнийг дуулахад шоуны хөтлөгч, зарим шүүгч “Ийм хоолойгоор дуулна гэж бодсонгүй шүү” хэмээн ихэд гайхсан ба үзэгчид түүний авьяасыг биширч буй нь бичлэгт үлджээ.
Хэйди Клум ч түүний хоолой маш гайхалтай, өвөрмөц учир багтаа авсан тухайгаа ярьжээ. Зарим шүүгч түүнийг ам барьж байгаа юмуу хэмээн үл итгэж, гайхширчээ.