400 гаруй автобусыг ашиглалтаас хасна
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 шинэ автобус худалдаж авч буй. Харин хуучин автобуснуудыг хэрхэх талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцжээ.
Тодруулбал, нийтийн тээврийн 110 чиглэлд 1,017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1,075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөжээ. Энэ хүрээнд автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчилнэ.
Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн авчээ.
Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой аж. 2023 онд ашиглалтын хугацаа нь дууссан 403 автобусыг энэ онд үйлчилгээнээс хасах юм байна.