Ерөнхий сайд Европын сэргээн босголт хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассотой уулзлаа.

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд тус банк Монгол Улсын Засгийн газрын болон хувийн хэвшлийн нийт 137 төсөлд зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсныг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Дарханы чиглэлийн замд нэмэлт хоёр эгнээ барих төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, Монгол Улсад нэн тулгамдсан нийслэлийн авто замын дэд бүтэц, гарц, метро барих, хилийн боомтын шинэчлэл, боомт чиглэлийн зам барих төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мөн ярилцаж, салхин цахилгаан станцын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улс ногоон эрчим хүчинд шилжихэд томоохон хувь нэмэр болно гэдгийг талууд тэмдэглэлээ.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний сэргэлтийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рена Бассо илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *