Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой
УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө. Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа амжилтыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд “Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлт төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой”-г санууллаа.
Монгол Улсын экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөг болжээ. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрсэн байна.
Гэвч саяхан хийсэн судалгааны дүнгээр “нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт гарчээ. Үүний гол шалтгаанаар “Шударга бус байдал”, “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэсэн байна. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон хэдий ч 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэжээ.