Инновац, цахим бодлогын байнгийн хороо 2023 оны ажлаа тайлагналаа
УИХ-ын Инновац, цахим бодлогын хороо 2023 оны ажлын тайлангаа олон нийтэд танилцууллаа.
Байнгын хороо 2023 онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоол баталж, УИХ-аар 109 хууль, 3 тогтоолыг батлуулав.
“D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-ийн журмыг баталж, ашиглалтад орууллаа.
Нийт 109 хуульд цахим харилцааг зохицуулсан нэмэлт, өөрчлөлтийг оруулж УИХ-аар батлууллаа. Ингэснээр цахим баримт бичгийг цаасан баримттай ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрхзүйн орчин бүрдэж байна.
Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг нийслэлд хороо, орон нутагт сумын байранд байгуулахаар боллоо.
Байнгын хорооноос Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу “И-Баримт”-ыг цаас хэвлэхгүйгээр шууд бүртгэх системийг нэвтрүүлж, 2023 онд нийт баримтын 20 орчим хувь буюу 43.1 сая ширхэгийг цахимаар бүртгэжээ.
Байнгын хорооны дарга, гишүүд хууль тогтоомжийг сурталчлах, мэдээлэл солилцох, чиглэл өгөх зорилгоор 13 уулзалтыг зохион байгууллаа. Тухайлбал, Мэдээллийн технологийн үндэсний парк, Улаанбаатар инновацын төвүүдэд ажиллаж, старт-ап компаниудтай санал солилцсон. Энэ дагуу тэднийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбох, гарааны бизнесээ амжилттай эрхлэх эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.