Х.Нямбаатар: Дугаарын хязгаарлалтыг цуцалвал 0 зогсолт үүснэ
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд үүсээд буй хэд хэдэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрбээр АНУ-д томилолттой явж байгаад саяхан иржээ. Тиймээс саяхан нийслэлд болсон газын дэлбэрэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа гэв.
Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт өнөөдөр дуусна. Үүнийг сунгах эсэх санал асуулга 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дараа нь шийдвэрээ зарлах юм байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Дугаарын хязгаарлалт зөв шийдвэр биш. Гэхдээ цуцалвал тэг зогсолт үүсэх нь ойлгомжтой, Цагаан сартай холбоотой хөл хөдөлгөөн их байна. Тиймээс санал асуулгын дүнг харна. Одоогийн байдлаар 57:43 гэсэн харьцаатай байсан” гэж ярилаа.
БНХАУ-аас авч байгаа Yutong bus-ийн сүүлийн 65 автобус өнөөдөр хилээр орж ирнэ. Ингээд шинэ 600 автобус бүгд нийслэлд ирж байгаа юм. Гэхдээ техникийн үзлэг хийх учир шинэ автобуснууд шууд үйлчилгээнд явах боломжгүй гэж Хотын дарга мэдэгдлээ.