Зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбоно

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулав.

Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ. Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн хөрөнгө нь нийслэлийн Төрийн сангийн тусгай дансанд байрших бөгөөд 10 хүртэл хувийг сургалт, эрдэм шинжилгээний ажилд зарцуулах юм. Сангийн зарцуулалт, үлдэгдлийг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд хагас жил тутам танилцуулж, олон нийтэд мэдээлж, НИТХ-д тайлагнана. Түүнчлэн тус сангийн хөрөнгийг баталгаа гаргах, барьцаалах, хандивлах зэргээр зориулалт бусаар зарцуулахыг хатуу хориглосон байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийтийн тээврийн шинэчлэл бол урт хугацаанд хийх ажил. Зөвхөн автобус авснаар бүх асуудлыг шийдэх боломжгүй. Бид шинэ автобуснуудыг хувийн хэвшилд түрээсээр олгосноор жилд 100 автобус авах мөнгийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж чадна. Автобусны хүрэлцээнээс гадна жолоочийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тогтолцоо руу шилжинэ” хэмээлээ.

Нийтийн тээврийн сангийн үйл ажиллагааг тогтворжуулснаар энэ онд 28.2 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэхээр тооцжээ. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна. Мөн энэ хүрээнд шинээр авсан 600 автобусны 300 гаруйг нь хувийн хэвшилд түрээсээр ашиглуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна. Одоогийн байдлаар 115 автобусыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Аж ахуйн нэгжүүд долоон жилийн хугацаанд автобусны төлбөрийг бүрэн барагдуулах юм. Түүнчлэн 2009 оноос хойш худалдаж авсан автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож байгааг хэлж байлаа.

Зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбоно

Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцууллаа. Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолуудад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх юм.

Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрэх юм. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоожээ.

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам ашигласны төлбөр гэж жилд 77 тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд энэ мөнгөөр замын засвар, арчлалтыг бүрэн хийж чаддаггүй байна.

Мөн орон нутгийн тээврийн хэрэгсэл хот руу шалган бүртгэх товчоогоор нэвтрэхэд 48 цагийн хугацаанд 1000 төгрөг авна. Харин 48 цагаас дээш хугацаагаар нийслэлд байсан тохиолдолд 24 цаг тутамд 5000 төгрөгийн хураамж авах юм. Үүнтэй холбоотойгоор хотын захын гурван байршилд томоохон хэмжээний авто зогсоол байгуулж, машинаа тавиад хотын төв рүү орох нийтийн тээврийн асуудлыг шийднэ.

Нийтийн тээврээр дөрвөн удаа зорчих төлбөр 1000 төгрөг байна

Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг.  Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

Төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд боловсруулсан журам, тогтоолын төслүүдийг дэмжиж байгаагаа  илэрхийлж, олонхын саналаар дээрх журам, тогтоолын төслүүдийг батлав. Мөн Амьтны хүрээлэн ажиллуулах журам, Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *