ҮСХ: Өрхийн дундаж орлого 2,2 сая болж өмнөх оноос 417 мянган төгрөгөөр өссөн
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.
2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөгөөр буюу 23 хувиар нэмэгджээ.
Харин үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 147 мянган төгрөгөөр буюу 13.2 хувиар нэмэгдсэн байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хувьд тус улирлын дүнгээр мөн 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417 мянган төгрөгөөр буюу 24 хувиар өссөн гэв. Үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156 мянган төгрөгөөр буюу 14.3 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн ажиллагчид 2023 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар буюу 3.3 хувь өсөж, ажилгүй хүн 15.8 мянган хүнээр буюу 24.5 хувь буурчээ. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянган хүнээр буюу 3.1 хувиар өсжээ.