Нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Сүүл хоногуудад нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарсан. Тэгвэл өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурах талаар Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Мөн өнөөдөр салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байх бол Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна гэжээ.
Харин маргааш буюу энэ сарын 23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ мөрний сав газраар, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.