Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татдаг заалтыг хуулийн төсөлд тусгажээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2024.03.20/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцсэн юм.

Тодруулбал, Тус хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил  “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан.  Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгээгүй.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйлийг нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа юм.  Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан. Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дөрвөн жилээр дахин томилж болно” гэж төсөлд тусгасан. Мөн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Түүнчлэн Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байна. Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөлд нарийвчлан тусгасан.  Иргэн эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай” гэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдээс 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *