Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2024.04.03) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.6 дахь зорилт, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.2, 3.2.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг шинээр боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангах замаар төрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтыг бий болгох зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Тэрбээр үргэлжлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах болсон хэрэгцээ, шаардлага, олон улсын туршлагыг танилцуулав.

Сүүлийн 30 орчим жилийн хугацааны үзүүлэлтээс үзвэл Монгол Улсын нийгэм, эдийн засаг нь байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын нөөц ашигласны үр өгөөжөөс бүрэн хараат байлаа. Тухайлбал, эрдэс баялгийн салбарын орлого нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн 25.7 хувийг, 2021 онд 28.9 хувийг, 2022 онд 35.1 хувийг, 2023 онд 33.3 хувийг бүрдүүлсэн байна.

Монгол Улс өнөөг хүртэл байгалийн баялгийн үр өгөөжийг ашиглах замаар улс орныхоо нийгэм эдийн засгийн зорилтуудыг хангах их бага хэмжээний бодлого, хууль цөөнгүй гарсан билээ. Үүнээс дурдвал, эрдэс баялгийн салбарын орлогыг өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх, хуваарилах зорилгоор Монгол Улс 2009 онд Хүний хөгжил санг, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж, хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийг батлан, хэрэгжүүлж байгаа хэдий ч тэдгээр нь байгалийн баялгийн орлогоос өнөө ба ирээдүйн иргэдэд тэгш хүртээх зарчмыг төдийлөн зохистой хэрэгжүүлж чадаагүй өнөөг хүрлээ.

Харин 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон.

Иймд, дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангийн талаар эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжтой уялдуулан бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах хэрэгцээ, шаардлага туйлын чухал байгааг харуулж байна.

Дэлхий дээр 1940 оноос эхлэн үндэсний баялгийн сангийн тухай ойлголт анх бий болж, түүнээс хойш баялгийн сангийн тоо эрчимтэй нэмэгдэн (ялангуяа 2010 оноос хойш), өнөөдрийн байдлаар олон улсад 176 баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна.

Хэдийгээр үндэсний баялгийн сангийн талаарх онол, олон улсын туршлага чамгүй байвч Монгол Улсын засаглалын хэлбэр, эдийн засгийн бүтэц, газар нутаг, нүүдэллэн аж төрөх ёс, Монгол хүний сэтгэхүйн онцлог гэх мэт үндэсний шинжид тулгуурласан төрөлжсөн сангууд, тэдгээрийн удирдлага зохицуулалтыг Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төсөлдөө тусган боловсруулах нь ач холбогдолтой төдийгүй түүнийг нарийвчлан томьёолох нь цаашид тогтвортой хөгжлийн суурийг тавих үндэс бүрдэнэ.

Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага болон олон улсын сайн туршлагыг тандан судалсны үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхдагч хуулийн төслийг дараах байдлаар боловсруулжээ. Үүнд:

Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд нийт 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэх аж.

Нэгдүгээр бүлэг. Хуулийн зорилт, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тусгасан.

Хоёрдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх буюу Улсын Их Хурал, Засгийн газар болон төрөлжсөн сангийн шууд удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг зохицуулсан.

Гуравдугаар бүлэг. Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан болох Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн төвлөрүүлэх, түүний зориулалт, зарцуулалтын талаар нарийвчлан зааж,  мөн сангийн орлогыг төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийн зохион байгуулалтын зарчмыг тодорхойлон үндэсний баялгийн сангийн тогтвортой байдлыг хангах зохицуулалтын талаар тусгасан.

Дөрөвдүгээр бүлэг. Сангийн нягтлан бодох бүртгэл, ил тод байдал, хяналт хэрэгжүүлэх журмын талаар тусгасан.

Тавдугаар бүлэг. Бусад зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох тухай зохицуулсан.

Түүнчлэн, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв  сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль баталсан холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд дараах эерэг үр нөлөө гарна:

– Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчим хангагдана.

– Байгалийн баялаг, түүний дотор газрын хэвийн баялгийн үр өгөөжөөс бүрдсэн Үндэсний баялгийн санг бий болгох эрх зүйн орчин бүрсдсэнээр 2019 оны Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулж, бодитоор хэрэгжих эрх зүйн орчин бий болно.

– Хөгжлийн сангаар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах суурь бүтцийг бий болгосноор түүний үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ.

– Хуримтлалын сангаар дамжуулан одоо үеийн иргэн бүрийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны суурь хэрэгцээг хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

– Ирээдүйн өв сангаар дамжуулан ирээдүй үеийн иргэн бүрд тэгш хүртэх хуримталыг бий болгоно.

– Ирээдүйн өв сангийн хуримтлалын зарим хэсгийг өндөр өгөөжтэй, эрсдэл багатай гадаад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэж, санг арвижуулах боломжийг бүрдүүлнэ гэж Засгийн газраас үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *