Салтанат Нукенова: “Сайн уу, хайрт минь. Би өөрийнхөө зодуулсан төрхийг хараад зүрх минь өвдөж байна”
Казахстан бүсгүй Салтанат Нукенова нөхөр болох Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт олон цаг зодуулж зэрлэгээр амиа алдсан жигшүүрт хэрэг саяхан гарсан билээ. Бүсгүй хартай, гар хүрдэг нөхрөөсөө салахаар зэхэж байсан бөгөөд харамсалтай нь салж амжилгүй 31-хэн насандаа ийнхүү амиа алдсан байна. Бүсгүй удаа дараа нөхөртөө зодуулж байсан бөгөөд нөхөр нь гар утасных нь нууц үгийг мэддэг тул хөх няц болсон зургаа дүүдээ илгээгээд устгадаг байв.
Шүүх хурлын үеэр бүсгүйн нөхөртөө бичсэн захидлыг прокурор уншсан нь олон хүнд ихийг бодогдуулжээ. Хэдий зодуулдаг ч бүсгүй нөхрөө хайрт минь гэж дуудаж захидлаа эхлүүлсэн байх аж. Захидлыг сийрүүлбэл:
“Сайн уу, хайрт минь. Би өөрийнхөө зодуулсан төрхийг хараад зүрх минь өвдөж байна. Би чамд хайртай, миний төлөө хийсэн бүх зүйлд талархдаг. Чиний хичээл зүтгэлийг би харж ойлгодог. Гэхдээ байнгын хараа хяналт, хайртайгаа нотлох шаардлагаас залхаж байна. Энэ бол амьдрал биш, би чиний тоглоом биш. Намайг байнга эрхэндээ байлгах гэх юм, би чиний хүүхэд биш. Чи анзаараагүй байж болох ч би сул дорой эмэгтэй биш. Би юуг яаж хийх ёстойгоо үргэлж хэн нэгнээр заалгахыг хүсэхгүй байна.
Би өөрийнхөөрөө байж, шийдвэр гаргах эрхтэй. Хайр дурлал, урт хугацааны аз жаргалтай гэрлэлтийн үндэс нь итгэлцэл, хүндэтгэл гэж би боддог. Итгэл, хүндэтгэлгүй бол харилцаа маань хэчнээн хичээгээд ч хөзрийн байшин шиг нурах болно. Бид бие биетэйгээ тулалдах биш, бие биенээ дэмжиж сурах хэрэгтэй” гэж Салтанат бүсгүй нөхөртөө бичиж байжээ.