УИХ-ын дарга Г.Занданшатар дараагийн парламент УИХ-ын хяналт, шалгалтын механизмыг сайжруулан авч явах ёстой гэв
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо 126 болж байгаатай холбогдуулан УИХ-ын тухай, Хуралдааны дэгийн тухай, Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. УИХ-ын Хяналт шалгалтын хуулиар “нүүрсний” , Хөгжлийн банкны хэргүүдээр нээлттэй сонсгол зохион байгуулж, булхай луйварыг илчилсэн. Парламент өргөжиж буй учраас хяналт шалгалтын механизмыг илүү оновчтой болгохоор ярилцаж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хяналт шалгалтын механизмыг буй болгосон нь энэ парламентын түүхэн үйл хэрэг хэмээн онцлоод парламент бол хууль тогтоох, төлөөлөх, хуулийн биелэлтийг шалгах гэсэн 3 үндсэн үүрэгтэй. Ард түмний төлөөллийн хяналт бол нээлттэй сонсгол юм. Зөвлөлдөх санал асуулгаар хуучин шиг Ардын хянан шалгах хороо сэргээн байгуулах саналыг иргэд гаргасан. Энэ саналын дагуу орчин үеийн парламентын жишгээр Хяналт шалгалтын хуулийг баталж, Түр хороо байгуулж ажиллаж байна. Сайн эхлэл бол ажлын хагас гэдэг. Ямар ч байсан УИХ-ын Хяналт шалгалтын механизм ажиллаж эхэлсэн. Дараагийн парламент улам сайжруулан авч явах ёстой гэв.
Ирэх долоо хоногт эмийн чанар, үнийн асуудлаар хяналтын нээлттэй сонсгол болно. Түүний дараа “ногоон автобус” -ны болон ашигт малтмалын лиценз тойрсон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг чуулганаар хэлэлцэхээр болсон тухай УИХ-ын дарга мэдэгдлээ.