Сорилтыг давж хөгжлийг бүтээнэ
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Ⅰ байрт шалгарсан www.ergelt.mn сайтын сэтгүүлч Г.Батзоригийн цуврал нийтлэлийг хүргэж байна.
СОРИЛТЫГ ДАВЖ ХӨГЖЛИЙГ БҮТЭЭНЭ
Төв банкны сорилт
Төв банкны хамгийн том сорилт бол ухаалаг байх явдал. Үүнийг хувь хүн дээр буулгавал зөв төлөвшилтэй, мэдлэг, боловсролтой байхад ухаалаг шийдвэр гаргах нь амархан мэт санагдаж болох юм. Гэхдээ энд төв банкны асуудлыг хөндөж байна. Үүнд уртыг өргөнд үржээд талбайн хэмжээг олдог шиг математикийн томъёо үйлчлэхгүй байх нь элбэг. Ихэнхдээ алсын хараатай байж, сайн зөнч болохыг шаарддаг.
Үндэсний үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүй, уул уурхайд суурилсан эдийн засагтай, хойд хөршөөс стратегийн бүтээгдэхүүн болох нефть, урд хөршөөс өргөн хэрэглээний бүхий л бараагаа импортолдог манай улсад төв банк нь инфляцыг тогтвортой түвшинд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж, бизнесийн тогтвортой өсөлтийг дэмжинэ гэдэг толгой өвтгөх хүнд сорилт. Инфляцыг нам түвшинд барих нь иргэдийн худалдан авах чадварыг хадгалах, амьжиргааг нь дэмжих гол хөшүүрэг. Гэтэл нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад төв банк мөнгөний бодлогоор нөлөөлөх төвөгтэй. Тухайлбал, хаврын цагт махны нийлүүлэлтийн гинжин хэлхээг сайжруулж, тасралтгүй, тогтвортой явуулах нь инфляцыг барих гол алхам болдог. Энэ нь илүү Засгийн газартай холбоотой арга хэмжээ юм. Төв банк бодлогын хүүний “баадууг чангалаад” шийдэгддэг асуудал биш.
Түүнчлэн, валютын нөөцийг нэмэгдүүлж, ам.долларын ханшийн өсөлтийг тогтоон барихад төв банкны хийж чадах зүйл хязгаартай. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын таатай орчин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал, Хятадын эрэлт, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс энэ бүхэн хамааралтай. Энэ болгонд зөв оновчтой зохицуулалтууд хийгдэж байж, Төв банк ажлаа хийх нөхцөл бүрддэг.
Энэ оны тухайд манай улсын гадаад худалдааны гол түнш болох Хятадын аж үйлдвэрийн салбарын сэргэлт удаан, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжлэх хүлээлттэй байгаа, дэлхийн цаг агаарын эрс тэс үзэгдэл, Энэтхэг зэрэг дэлхийн томоохон нийлүүлэгч зарим орнууд экспортдоо хязгаарлалт тавьсан, Украйны үр тарианы нийлүүлэлтийн дэд бүтэц сүйдсэн зэрэг нь Төв банкныхны санааг зовоож байна. Учир нь хүнс хомсодвол үнэ өснө. Үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Мөн экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ, эрэлт унавал валютын урсгал саарна. Ханш өснө. Улмаар импортоос хэт хамааралтай манай улсын хувьд иргэдийн амьдрах өртөг нэмэгдэнэ. Түүнчлэн, улс орон гадаад өрөө төлж барагдуулахад саад тотгор учрахаас эхлээд асуудлууд хөвөрнө.
Харин манай зарим шийдвэр гаргагчид энэ талаар мэдэх ч үгүй “дэрвэж” явах магадлалтай. Өмнө нь ийм дэрвэсэн нөхөд сонгуулийн амлалт болгон бэлэн мөнгө тарааж, араас нь эдийн засагт ирэх эрсдэлт нөлөөллийг бууруулах тохируулга хийх гэж Төв банк махаа зулгааж ирсэн түүх бий. Ер нь төв банк санхүүгийн цусны эргэлтийг мэдэрч, хянаж, зохицуулж байгаа “зүрх” тул төрийн бодлогын сонголт, үр нөлөөг хамгийн сайн мэдэрдэг хэсэг гэж ойлгож болно.
Төв банкны зовлон нимгэрээсэй
Тийм ч учраас Төв банкнаас дунд, урт хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын алхмууд нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох хамгийн оновчтой шийдлүүд байж чаддаг. Энэ нь попорч, тодрох гэсэн зорилгогүй. Зүгээр л зовлонгоо нимгэлэх гэсэн санаанаас үүдэлтэй юм. Түүхийн ухааны доктор О.Билгүүн “Эрт цагт хөрш улс орнууд хүннүчүүдийг хагалган бутаргахад төрийн бодлогоо зангиддаг байсан. Бидэнд дургүйдээ, үзэн яддагтаа биш юм. Нэгдэн нийлэх л юм бол амар заяаг нь үзүүлэхгүй уулгалан довтлоод байсан учир өөрсдөө амар жимэр байж, зовлонгоо нимгэлэхийн тулд ийм бодлого стратегийг барихаас өөр аргагүй байсан” хэмээн ярьсан байдаг. Энэ жишээг Төв банкны бодлого чиглэлтэй харьцуулахаар хэт хол зүйрлэл байж болох юм. Гэхдээ агуулгын хувьд дүйж очих болов уу гэж зөрүүдэлье.
Төв банк төгрөгийн үнэ цэнийг хадгалах, инфляцыг нам түвшинд байлгах, валютын ханшийг тогтвортой авч явах, эцсийн дүндээ иргэд, бизнес эрхлэгч, банк санхүүгийн салбарынханд хамгийн тааламжтай, харилцан ашигтай байх системийг бүрдүүлэх үүргүүдээ биелүүлж ажиллахын тулд үүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг урт хугацаанд бий болгохыг зорихоос өөр аргагүй байдалд орж буй юм. Нөлөөлөгч хүчин зүйлсийг дунд, урт хугацаанд цэгцэлж чадвал Төв банкны зовлон нимгэрч, нөхцөл байдлыг бүрэн хянах боломжууд нь бүрэлдэх гээд байна. Тийм ч учраас зээлийг хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих санхүүжилтийг олгож, хэрэглээний зээлийг хязгаарлах зэргээр бодлогын арга хэмжээг Засгийн газар, арилжааны банкнуудтай хамтран хэрэгжүүлж байна.
2022 оны судалгаагаар уул уурхайн бус салбарын экспорт уул уурхайн салбараас 15.9 дахин бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ганц багана дээр тогтож байна гэсэн үг. Тийм учраас Хятадын аж үйлдвэрлэл буурахад л энэ багана ганхана. Дагалдаад манай эдийн засагт асар олон хүндрэлүүд бий болж, Төв банкны зовлон зузаарна. Иймээс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих санхүүжилтийн тааламжтай механизмыг бүрдүүлэх нь Төв банкны бодлогын чухал алхам болж байна.
Мөн арилжааны банкнуудтай хамтарч зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлж буй нь зайлшгүй хийх ажил болжээ. Үүнтэй холбоотойгоор банкны үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах зэргээр боломжит алхмуудыг хийсээр байна. Энэ нь зээлийн хүүг бууруулах гэсэн ганц зорилго руу чиглэж байгаа мэт боловч өргөн утгаараа улс оронд том оношилгоо, эмчилгээг эхлүүлсэн хэмээн ойлгож болно. Тухайлбал, Монголын банкны холбооноос “Төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нь хадгаламж, зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байна” хэмээн шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, үр дүнд хүрэхийн тулд би ийм алдаагаа засъя, та ч бас энэ алдаагаа залруулаач ээ гэх харилцан бие биенээ эмнэсэн үйл явц явагдаж байна.
Түүнчлэн, хэрэглээний зээл байна. Иргэд хэрэглээний зээл их авах тусам өрийн дарамтад орж, хуримтлал үүсгэх боломжууд хязгаарлагдаж, санхүүгийн чадавхыг бууруулдаг. Мөн хэрэглээний зээлийн хэт өсөлт нь импортын хэрэглээг өдөөж, гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлж, валютын ханшийн сулралыг даамжруулах, гадаад өрийн дарамтыг ихэсгэх зэргээр санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Нэг жишээ. Өнөөдөр зудад нэрвэгдсэн малчдын хувьд 1.6 их наяд төгрөгийн зээл авснаас ердөө 300 орчим тэрбум төгрөг нь бизнесийн зориулалттай байна. Үлдсэн нь хэрэглээний зээл. Маш том эрсдэл. Тиймээс санхүүгийн системийн эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэхийн тулд Төв банк шаталсан арга хэмжээ авахаас өөр гарцгүй билээ. Төв банкны зовлон нимгэрээсэй.