Г.Занданшатар: Эрх зүйн шинэчлэлийг “амилуулах” гол хүч нь багш нар

Монголын боловсролын байгууллагууд сургалтандаа технологийн дэвшил, цахим шилжилтийг өргөн ашиглах шаардлагтайг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр багш нарын их хурал дээр онцоллоо.

Тэрээр, “Нейросайнс” буюу тархи судлалын мэдлэгийг багш нар эзэмшиж, сургалтын ажлаа хөнгөвчлөх, өгөөжтэй болгох боломжтойг жишээлж, мөн “AI” буюу хиймэл оюун ухаанаар хүн төрөлхтний нийт мэдлэгийн сан хөмрөгөөс цэгцтэй мэдлэг, мэдээллийг асар хурдтайгаар шүүрдэн хэрэглэх боломж бүрдээд байгааг дурдан, шинэ эрин зууны технологи, инновацын хөгжилтэй хөл нийлүүлж ажиллахаас Монголын боловсролын ирээдүй шууд хамаарна гэсэн юм.  Манай улсын хүүхэд, залуус XXI зууны мэдлэг, ур чадварт суралцах, эзэмших хүсэл мөрөөдөл, тэмүүлэл дүүрэн байна, үүнд нь багш нар тусалж, тэдний хүсэл мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэхэд дэмждэг байх ёстой гэж анхааруулав.

Улсын Их Хурлын дарга өнгөрөгч намрын чуулганаар батлагдсан Боловсролын багц хуулийн талаар мөн танилцуулж, энэхүү эрх зүйн шинэчлэлийн гол зарчим, шинэлэг өөрчлөлтүүд, түүний дотор багшлах боловсон хүчин, хүний нөөцийн талаарх зүйл, заалтуудыг тухайлан ярьсан юм. Эрх зүйн шинэчлэлийг “амилуулах”, амьдралд хэрэгжүүлэх гол хүч нь багш нар гэдгийг тэрбээр онцлоод, багшийн хомсдол хот, хөдөөгүй нүүрлээд байгааг засаж, залруулах үүднээс тэдний нийгмийн баталгааг сайжруулж, ажилласан хугацаанаас нь хамааруулан нэмэгдэл тэтгэмж олгох зохицуулалтыг хуульд тусгасан талаар ярилаа. Мөн тэрбээр, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд багшийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийг тусгайлан оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа дурдав.

Монголын багш нарын VIII их хурал өчигдөр Төрийн ордонд сургуулийн өмнөх, ерөнхий болон насан туршийн, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаан хийсэн бөгөөд салбар хуралдаануудаас гарсан саналыг нэгтгэн өнөөдөр нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *