Н.Энхбаяр: МАН одоо БҮТЭН болсон
МАН-ын 30-р их хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь хуралдааны эхэнд МАН-ын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр үг хэллээ.
Тэрээр ” МАН, МАХН үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой тохиож байна. 100 жил гэдэг бол агуу түүх, агуу цаг хугацаа. Энэ цаг хугацааны өмнө хэн ч бардамнах боломжгүй. Агуу түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. 100 жилийн босгон дээр нэг үзэл баримтлалтай, нэг түүхтэй хоёр нам эвлэлдэн нэгдсэн нь түүхэн чухал үйл явдал болсон гэж үзэж байна.
Ингээд одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учир бүтэн түүхээ үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн гэж үзэж байгаа юм. Хоёр намын нэгдлийн үлгэрлэл болсон, эв нэгдэлтэй байж чадна гэдгээ харуулсан том үйл болсныг хэлэх хэрэгтэй.
Агуу түүх бол алдаа оноо аль алиныг нь багтаадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолыг олж чадсан.Бидний алдаа юу вэ. Их хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. Түүхийг бүтээж байгаа намыг толгойлж байгаа намын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн их тэнхээ гаргаж уучлал гуйсан нь ёс суртахууны, үлгэрлэлийн том алхам гэж би үзэж байна. Уучлал гуйсан нь зүгээр нэг үг биш. Энэ үгний цаана хүний эрх, эрх чөлөөг хангах баталгаа байгаа гэж ойлгож байна.
МАН-ын үзэл баримтлал тодорхой боллоо. Социал домекрат үзэл баримтлал бол залууст таалагддаг, ард түмэнд таалагддаг үзэл баримтлал. МАН одоо залуусын нам болсон гэдгийг хэлмээр байна. МАН хүний эрхийг дээдлэхээ зарлалаа, авлигатай тэмцэхээ зарлалаа, социал домекрат үзэл баримтлалаа зарлалаа.
Шударга ёс тогтсон цагт эв нэгдэл бат бэх байдаг. Эв нэгдэл байгаа цагт эрч хүчтэй байдаг. Тийм учраас бүгдээрээ эв нэгдэлтэй байя, шударга байя, эрч хүчтэй байя, цаг хугацаатай уралдая. Энд сууж байгаа та бүхэн өнөөдөр хурлаа дуусгаад нутаг нутгийн зүг замын жолоо зална.
Та бүхэн маань очоод намынхаа их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд манлайлан, бусдыгаа байлдан дагуулаарай. Та бүхэн манлайлагч. Манлайлагчид ялагч байдаг. Та бүхэн манлайлж байж, та бүхэн ялж байж МАН дахиад сонгуульд ялна. Энэ хуралд оролцож байгаа та нөхөдтэй заримтай нь олон жил хамтран ажиллаж байсан, зарим нь шинэ үеийн залуучууд байна. Маскны цаанаас ч нэгнээ таниад мэндэлж байна.
Тиймээс бид чадна, бид монголоо дахиад 100 жил хөгжлийн тусгаар тогтнолыг, эдийн засгийн тусгаар тогтнолыг авчирч чадна гэдгээр зориглож, зүрхээ чангалж, нутагтаа очоод амжилт байгуулахыг хүсэн ерөөе.
МАН, МАХН мандтугай. Монгол Улс, Монголын ард түмэн мандтугай” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ: