Н.Түвшинбаярт 5-12 жилийн ял төлөвлөж, хэргийг шүүхэд шилжүүлжээ
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийж дууссан байна. Улмаар прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай юм байна.
Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг өмнө нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан ч хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.