Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх суурь хэлцлийг байгууллаа

Монголын эдийн засгийн чуулган 2023 “Хотын хөгжил” сэдвээр үргэлжилсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр хамтын ажиллагааны суурь хэлцлийг хийсэн. Энэ хүрээнд Тойрог хурдны зам, Улаанбаатарын метро төслийг эхлүүлэх, Туул голын даланг сайжруулах, нийгмийн бүтээн байгуулалт болох эмнэлэг, сургууль барихаар тусгаад байна.

4.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх суурь хэлцлийг байгуулсан. Энэ бол Эдийн засгийн чуулганы нэгэн чухал тоон үзүүлэлт. Үүнийг хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулна. Дараагийн Хотын дарга хэн байхаас үл хамаарч тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх ёстой. Тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Хот санхүүгийн хувьд хүчирхэг байх ёстой.

СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК нь дэлхийд эхний гуравт, Азидаа тэргүүлдэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани. Тус компанитай Улаанбаатар хотын төлөвлөлтийг хамтарч хийхээр ярилцаж байгаа. Энэ хүрээнд БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ-тай хамтран ажиллаж буй.

Улаанбаатар хотод нэг талдаа гурван эгнээ, нийт зургаан эгнээ Тойрог хурдны зам байх ёстой. Эхний байдлаар 12 уулзварын огтлолцлыг төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотод метро хэрэгтэй. Метро байгуулах ажил хэлэлцээрийн шатандаа яваа. Түүнчлэн Туул гол дагуух хөгжүүлэлт буюу даланг хүчитгэх, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх байгууламж хийхээр болсон. Тэрчлэн олон улсын стандартын 10 эмнэлэг, 20 сургууль байгуулахаар төлөвлөж байна” хэмээлээ.

Хэлцлийн хүрээнд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн мега төслүүдийг эхлүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *