Thrift Shop буюу ХУУЧИН ХУВЦАСНЫ ДЭЛГҮҮР яагаад хэрэгтэй вэ?
Өнөөгийн 21 дүгээр зуунд байгаль дэлхийн доройтол бол эдийн засаг, дайн байлдааныг үл тоон авч хэлэлэх ёстой хамгийн чухал асуудал болчхоод байна.
Газрын баялагийг ухан сэндийчих, үйлдвэрлэл аж ахуй хөгжих хэрээр агаарын бохирдол үүсгэх, усны хомсдол бий болгох гээд энэ дэлхий дээр амьдарч буй амьд организмууд дундаас хүн төрөлхтөн л хамгийн их хор хөнөөлийг үүсгэдэг нь худал биш үнэн.
Тиймээс энэ бүхнийг хэрхэн засаж залруулах вэ, ямар жижиг гарц гаргалгаануудыг олж харж, томруулах вэ? гэдэг дээр залуучуудын ухаан уралддаг боллоо.
Харин энэ дундаас урган гарч ирсэн, байгаль дэлхий, хүн амд ч ашигтай нэгэн санаа нь өдгөө олон улс даяар цэцэглэн хөгжиж, газар аваад байна. Тэр бол THRIFT SHOP буюу ХУУЧИН ХУВЦАСНЫ ДЭЛГҮҮР юм.
Бидний сайн мэдэхээр “КОМИССЫН ХУВЦАС” гэж нэрлэгдсэн эдгээр дэлгүүрүүдийг стандарчилж, дэмжиж, гүйлгээг нь улам нэмснээр гарах ашиг, давуу талуудыг та бүхэнд танилцуулж байна.
- Хог хяагдлыг багасгана
Америкийн судалгааны хүрээлэнгээс авсан судалгааны үр дүнд дэлхий дээр нэг насанд хүрсэн хүн жилд дунджаар 60-70 фунт даавуун хог хяагдал гаргадаг нь тогтоогджээ. Жишээ нь манай улсад гэхэд хог дахин боловсруулах ажил тун сул байдгаас шалтгаалан уг даавуун хаягдлын 70 гаруй хувь нь хогийн цэгтээ үлднэ. Үлдсэн хог хяагдлууд газрын хөрсөнд шингэх гэж олон зуун жилийг зарцуулдаг. Тиймээс энд хаягдаж буй хувцаснуудын ихэнхийг хаяж үрэхийн оронд хуучин хувцасны дэлгүүрт өгвөл таны эдийн засагт ч багахан нэмэр үзүүлж, таны хувцсыг худалдаж авах хүнд ч хэмнэлттэй үнээр хувцас олдно гэсэн үг шүү дээ.
- Өвөрмөц, дахин давтагдашгүй загвар шийдлийг бүтээх боломж
Хуучин хувцасны дэлгүүрт зарагдаж буй ихэнх хувцаснууд олон төрлийн размер хэмжээгүй байдаг ч цор ганц, ховор, хуучны загвартай гэх мэт онцлог шинж хадгалж байдаг. Мэдээж тэр олон өвөрмөц хувцаснууд дундаас сонголт хийх, эрэл хайгуул хийх сонирхолтой биш гэж үү?
- Чанартай бас хямдхан
Мэдээж эзнийхээ хэрэглээг дуусгаад, цаашдаа өөр нэгний хэрэглээг хангах чадвартай хувцас бол яалт ч үгүй чанартай хувцас байж таарна. Загварын чиг хандлагыг сөрж чадах, хэзээ ч хоцрогдошгүй, элэгдэшгүй материалтай байна гэдэгтэй маргашгүй юм. Гэвч нэгэнт шинэхэн эзнээс нь өмнө хэн нэгэн тухайн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангасан тохиолдолд эдэлгээний хоргодол гарах учир анхны үнээсээ хямдаар зарагдах нь тодорхой.
- Шинэчлэн засварлахад эрсдэл багатай
Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хүссэнээрээ өөрчлөн шинэчилж, загвар имижийг нь солих хүсэлтэй хүмүүс их байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ ажиллагаа бүтэлгүйтэж, үр дүн нь дэмий хоосон болохоос гадна хайртай хувцас чинь гэмтэл авч хоцрох үе бий. Тиймээс энэ эрсдлүүдээс урьдчилан сэргийлж Thrift Shop-оос худалдан авсан хувцас дээрээ туршилт хийвэл ямар вэ?
- Зорилтот хүмүүсийг дэмжих
Дэлхий ертөнц нэгэнт тэв тэгш түвшинд аливааг байлгадаггүй тул бидний дунд дутуу дулимаг, санхүү эдийн засгийн бололцоо багатай хүмүүс олон бий. Тэр тусмаа манай улсад ядуусын түвшин өдөр ирэх тусам өссөөр байгаа нь нууц биш юм. Тиймээс тэдгээр хүмүүст зориулан энэ төрлийн дэлгүүрүүдийн тоог нэмснээр ядаж л бүтэн дулаан хувцас авч өмсөх боломж тэдгээр хүмүүст нээгдэх юм.