Я.Содбаатар: Цэргийн алба хаагч нас барвал ар гэрт нь 300 сая төгрөгийн орон сууц олгоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан талаар өнөөдөр/2024.04.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Цэргийн албан хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар олгоно.
Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаа, тусгай ажиллагаа, буудлага хийх, тэсэлгээ, хорт бодистой харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ, онц байдал, гэмт халдлага, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын тусгай онц объект, хил хамгаалах үедээ амиа алдвал бага хүүхдийг нь 18 нас хүртэл цалингийг нь олгох заалт бий болж байна. Хоёрдугаарт, амь алдсан тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаад олгох заалт бий. Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц олгоно. Зарим нь орон сууц бус бэлэн мөнгөө авах тохиолдолд энэ заалт үйлчилнэ” гэлээ.