М.Оюучимэг: ЭМД-ын санхүүжилт олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөн

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-үүдийн 365 буюу 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцууллаа.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюучимэг, “Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн бүх дарга нар хамааралтай гэж гарсан байна. Аймаг, нийслэлийн удирдлагуудад эмийн сан нээх эрхийг нь өгчихсөн болохоор хүний нөөцийг нь хүртэл бэлдэхийн тулд  магадлан итгэмжлэл аваагүй “Энэрэл” сургуульд цахимаар олон хүнийг бэлтгээд төгсгөсөн. Яагаад гэвэл аймаг, орон нутгаас захиалга ирсэн зэрэг хууль бус зүйлсийг ярьж байсан. Ийм хуулийн цоорхой яаж нээгдэв. Үүнд тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна

Түүнчлэн 2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан. Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд хувьдаа маш их харамсаж байна.  Уг нь энэ төсвийн мөнгийг хоёр дахин нэмсэн шалтгаан нь иргэдийн эм, тарианд, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн ачааллыг эрс бууруулах тооцоо судалгаанд суурилсан. Тухайлбал эм 2019 онд 40 тэрбум байсныг 2024 онд 137 тэрбум, өнгөрсөн жил 90 тэрбумаар нэмж өгсөн. Энэ мөнгөөр эмийн сантай том дарга нарын компаниудыг санхүүжүүлж байгаа нь бодитоор харагдаж буй. Тиймээс хуулийн ямар заалт тухайн боломжийг олгож өгсөн бэ гэдэгт хариулт өгнө үү” хэмээн шинжээчээс асуув.

Шинжээч хариулт хэлэхдээ, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмийн сангийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар Орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгож байгаа.

Хуулийн энэ заалт нь албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН, байгууллагад нөлөөлөл үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй” гэв.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *