Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2373, Танхайрсан 145 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.15-аас 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд) 34.902 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 378 хэргийг хүргүүлсэн байна.
✔️Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 177, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 123, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 43, бусад 4 хэрэг байна.
✔️Зөрчлийн шинжтэй 55.019 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 54.941 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
✔️Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 54.199 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 742 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
✔️Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2373, Танхайрах 145, Хүний биед халдах 377, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 213, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 48.379, бусад 3454 зөрчил байна.
✔️Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 80 иргэнд 24.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 213 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
✔️Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 30, шүүхээс даалгасан хүн 9, зөрчил үйлдсэн этгээд 2 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
✔️Эрүүгийн цагдаагийн албанаас “Нэр бүхий этгээдүүд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б, Ч нарт мөрийтэй тоглоомын сайтад мөнгө өгч тоглуулан улмаар мөнгөө алдсан гэх шалтгаанаар Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлаж, бие махбодид нь хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
✔️Цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 07-оос 2024 оны 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө бусдыг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-ийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
✔️Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2023 оноос хойш иргэн Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт техник, тоног төхөөрөмж ашиглан 35.700 м2 талбайд олборлолт явуулж, 341.038.598 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
✔️Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байх дархан цаазат тусгай газрын хязгаарлалтын бүс нутгийн ойгоос энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т нь бусадтай бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, 18.620.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
✔️Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн “Ч” нь тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 4.141.058 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
✔️Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн.
✔️Нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Өнөөдөр Бөмбөгөрөөс 4 зам уруудаад алхаж явсан. Энэ хар цамцтай хүн нүүр рүү хашхираад цохисон…” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Ч нь хүний биед халдсан, танхайрсан үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
✔️Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *