Монголын 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө
Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпийн наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр/2024.05.08/ Тайланд улсыг зорив.
Монгол боксын төрөлд одоогоор олимпийн ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпийн наадамд долоон тамирчнаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш Монголын ширэн ширэн бээлийтнүүд олимпийн 10 наадамд оролцож буй билээ.
Зуны олимпийн наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ