Азийн 12 орны залуу улстөрчид чуулж байна
“Залуу парламентчдад тийм гэж хэлье” уриалга дор Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын VII хуралдаан / ICAPP / Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд Ази тивийн 11 улсын 15 нам болон Монгол Улсаас МАН, АН,ХҮН-ын залуу улстөрчид оролцож байна.
Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь 39-өөс доош насны залуучууд боловч шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо 10 хувьд хүрэхгүй, харин дэлхий дахинд энэ тоо 2 хувь байгаа юм. Тиймээс парламентын түвшинд залуусын дуу хоолойг сонсож, оролцоо, эв нэгдлийг хангах, шинэ санаачлага, манлайллыг дэмжихийн төлөө энэхүү чуулганд оролцож буй төлөөллүүд нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Монгол, Солонгос, Турк, Индонез, Азербайджан, Казахстан, Камбож, Лаос, Вьетнам, Малайз, ОХУ, Иран, Узбекистан улсын 18 намын залуу манлайлагчид чуулганд илтгэл тавьж өөрсдийн улсын туршлагыг нээлттэй хуваалцаж байгаа юм.