“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ХҮҮХЭДТЭЙ СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН АРГАЧЛАЛААР АЖИЛЛАХ НЬ” СУРГАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн сан олон улсын байгууллага, Хөөрхөн зүрх ТББ хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар ажиллах нь” сургалтыг зохион байгуулав.
Сургалтаар сэтгэцийн гэмтлийн тухай ерөнхий ойлголт, сэтгэцийн гэмтлийн үр дагавар, хүн худалдаалах гэмт хэрэг ба хохирогч/даван туулагчид илрэх сэтгэцийн гэмтлийн нийтлэг шинж тэмдэг, хохирогч/даван туулагчтай сэтгэцийн гэмтэлд суурилсан зарчмаар ажиллах, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн насанд хүрээгүй гэрч, хохирогчтой сэтгэцийн гэмтэлд суурилсан хандлагаар хэрхэн харилцах, тэдгээрээс мэдүүлэг авахад анхаарах асуудал, форензик ярилцлага буюу гэмт хэргийн насанд хүрээгүй гэрч, хохирогчоос сэтгэцийн гэмтэлд суурилсан хандлагаар мэдүүлэг авах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.