Нэг сая тахиатай, 400 хүний ажлын байртай “Баян” өндөгний үйлдвэрийн 4 обьект галд өртөж, одоо ч унтраагүй байна
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн.Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна гэх мэдээллийг ОБЕГ-аас өгсөн.
Түймэрт өртсөн уг шувууны аж, ахуй нь дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг хангадаг НВЦ группийн “Баян” өндөгний үйлдвэр юм. Гал унтраах ангиуд өнөөдөр /2024.06.04/ өглөөнөөс хойш ажиллаж байгаа ч түймрийн тархалтыг одоо ч бүрэн зогсоож амжаагүй байна.
Монгол Улс жилдээ дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд 60 хувийг нь хангадаг аж. Үүнийг 53 хувийг “НВЦ” группийн “Баян” өндөгний үйлдвэр дангаараа нийлүүлж, 2500 харилцагчдаа шууд бүтээгдэхүүнээ хүргэн, 400 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажилладаг. “Баян” өндөгний үйлдвэр нь өнөөдрийн байдлаар улсдаа хамгийн олон буюу нэг сая толгой шувуутай. 2024 онд хүчин чадлаа нэмэгдүүлэн 1.5 сая шувуутай болж Монгол Улс өндөгний хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг зорин ажиллаж байгаа юм.