Иргэд хэн нэгний пост, контентыг хуваалцахын тулд бүртгүүлэхгүй
Зарим хуульч цахим хаягаараа сонгуулиар дэмжиж байгаа хүнийхээ постыг түгээхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Бүртгүүлэхгүй бол торгоно гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Нэр бүхий хуульч хувийнхаа хаягаар дэмжиж байгаа хүнийхээ постыг хуваалцахын тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, үгүй бол 5 сая төгрөгөөр торгуулах юм байна гэсэн агуулгаар ярьсан. Үнэн үү?
Ор үндэслэлгүй худал мэдээлэл. Цахим орчинд бусдыг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр өөрийн байр сууриа илэрхийлэх, хэн нэгний постыг хуваалцахын тулд аль нэг байгууллагад бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй. Энэ бол худал, төөрөгдүүлсэн мэдээлэл. Ер нь энэ мэдээллийг хийж байгаа хүн яг энэ мэдээлэл хүргэсэн сувгаараа дамжуулж залруулга хийх нь зөв байх. Сонгуулийн хууль тогтоомжийг өөрөөр тайлбарлаж байгаа эсхүл сонгогчдыг төөрөлдүүлсэн, худал мэдээлэл өгч байгаа бол хуульд заасан хариуцлага бий гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ер нь цахим хаягийг бүртгүүлэх тохиолдол бий юү?
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам нийтэд нээлттэй байгаа (https://m-election.mn/sub/cG9zdDo1NDA5). Нэр дэвшигч өөрийнхөө цахим хуудсыг эсхүл нам цахим хуудсаа бүртгүүлж болно. Түүнчлэн нэр дэвшигч өөрийнхөө болон ухуулагчийнхаа фейсбүүк хуудсыг сурталчилгаанд ашиглана гэж үзвэл бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх ёстой биш, бүртгүүлж болно. “Сонгуулийн сурталчилгаанд би энэ пэйжээ ашиглана” гэж үзвэл бүртгүүлж болно л гэсэн үг. Түүнээс иргэд хэн нэгний пост, контентыг хуваалцахын тулд бүртгүүлэх ёстой гэсэн журам байхгүй, бүх фейсбүүк хэрэглэгчид л бүртгүүлэхгүй бол торгуулна гэсэн юм ярьж байгаа нь огт ор үндэслэлгүй худлаа мэдээлэл гэдгийг дахин хэлье.