Архангай аймгийн Булган ууланд 20 янгир нутагшуулна
Архангай аймгийн Цэцэрлэг сумд орших дархан цаазат Булган ууланд янгир нутагшуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 9-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Янгир нутагшуулах ажлыг өнгөрсөн оноос тус аймгийн арван жилийн сургуулийн 1999 онд төгсөгчид санаачлан Биологийн хүрээлэн, ХААИС-ийн эрдэмтэд, БОАЖЯ-тай хамтран эхлүүлсэн юм.
Тодруулбал, Богд уулаас хоёр удаагийн нүүлгэн шилжүүлэлтээр 13 янгирыг нутагшуулсан. Тэгвэл энэ удаад 20 янгирыг нутагшуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг үйл ажиллагаанд Наро Банчэн гэгээнтэн оролцож, ном айлдаж, төрийн дархан цаазат Булган ууланд хишиг даллага айлтгана.