Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд АНУ-тай хамтарна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Засгийн газар дижитал эзийн засаг болон шинжлэх ухаан технологийн паркуудыг хөгжүүлэх, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүс нутаг төдийгүй дэлхийд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь борлуулах чиглэлд онцгойлон анхаарч байна. Цаашдаа өмнө АНУ-тай хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйгаа онцоллоо.
Түүнчлэн төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлэх, туршлага судлах, кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлан, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарыг хууль эрх зүй, эдийн засгийн таатай экосистемээр дэмжсэн жишиг паркийг Монгол Улсад байгуулж Ази тивийг холбосон төв болох зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ричард Буанган Монгол Улсын Засгийн газар салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлж, энэ чиглэлд онцгойлон анхаарч буйд талархал илэрхийлж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, түүнийг дагасан кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэл нь хоёр улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл тул Монгол Улсыг дэмжиж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.